Алжир улс БРИКС-т элсэхэд бэлэн байгааг мэдэгджээ

ДЭЛХИЙД | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2022-08-01 10:04:01

МОСКВА. /RIA Novosti/. Алжир улс БРИКС-т элсэхэд бэлэн байна гэж тус улсын Ерөнхийлөгч Абдельмажид Теббун мэдэгдсэнийг “Al Mayadeen” суваг уламжилжээ. 


“БРИКС-т элсэх бараг бүх нөхцөл Алжир улсад бүрдсэн. Тус улс энэ байгууллагад элсэх сонирхолтой байгаа" гэж Теббун хэлсэн байна.


БРИКС гэдэг нь Бразил, Орос, Энэтхэг, Хятад болон Өмнөд Африк гэсэн хөгжиж буй таван орныг эгнээндээ нэгтгэдэг бүлэг юм.


Энэхүү бүлэгт гишүүнээр элсэх хүсэлтээ ойрын хугацаанд гаргахад бэлэн байгаа талаар мөн ОХУ-д суугаа Нигерийн Элчин сайд Абдуллахи Шеху "РИА Новости" агентлагт долоодугаар сард ярилцлага өгөхдөө дурджээ.


Түүнчлэн Индонез, Турк, Саудын Араб, Египет, Аргентин зэрэг улсууд "БРИКС-ийн хаалгыг тогшиж байна" гэж Хятадын ГХЯ-ны Олон улсын эдийн засгийн асуудал эрхэлсэн газрын дарга Ли Кесин урьд нь мэдээлсэн байна. 



Related news