БАЯН-ӨЛГИЙ: Зочид буудал, жуулчны баазууд өдөрт 1444 зочин хүлээн авах боломжтой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-08-04 12:21:48

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт сүүлийн жилүүдэд аялал жуулчлалын хөгжлийг дагаж үйлчилгээний салбарын хүртээмж сайжирч байна.

Тухайлбал, тус аймагт үйл ажиллагаа явуулдаг зочид буудал, жуулчны бааз, дэн буудлуудын орны тоо нэмэгдэж өдөрт 1444 зочин хүлээн авах хүчин чадалтай болжээ. Энэ нь 2016 онтой харьцуулахад 800 гаруй ороор нэмэгдсэн үзүүлэлт юм.

Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас өгсөн мэдээллээр одоо аймгийн хэмжээнд 13 жуулчны бааз үйл ажиллагаа явуулж байгаа. Эдгээр нь 754 ортой. Жуулчны баазуудын 3 нь Толбо сумын нутаг дэвсгэрт, бусад нь аймгийн төвд байрлаж байна.

Мөн нийтдээ 425 ортой 13 зочид буудал үйл ажиллагаа явуулдаг. Тогтмол үйл ажиллагаа явуулж буй 9 дэн буудал байгаа бөгөөд энд 265 зочин хоноглох боломжтой.

Түүнээс гадна Алтай Таван богд уул, Хотон, Хурган нуур, Бага Түргэний хүрхрээний эргэн тойронд иргэд хувиараа улирлын чанартай ажиллуулж байгаа гэр буудлууд байгаа ч дээрх статистик мэдээнд ороогүй болно.  

Related news