ТӨВ: Зүүн бүсийн аймгуудын цэргийн бэлтгэл сургалт болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2022-08-05 16:14:08

Төв /МОНЦАМЭ/ Орон нутгийн хамгаалалтын болон дайчилгааны хуулийн хүрээнд Зүүн бүсийн аймгуудын цэргийн бэлтгэл сургалтыг Төв аймгийн Алтанбулаг суманд байрлах Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Зүүн бүсийн аймаг сумдын ЗДТГ хамтран 80 гаруй алба хаагчдыг хамруулан зохион байгуулж байна.


Уг сургалтыг 2005 оноос 2 жил тутамд зохион байгуулж ирсэн бөгөөд ковид цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан хойшлоод энэ жил Төв аймагт анх удаа зохион байгуулж байна. Сургалт 2 өдөр үргэлжлэх ба цэргийн штабын түүхэн замнал, аюулгүй байдлын тухай, батлан хамгаалах үйл ажиллагаа, орон нутгийн хамгаалалтын эрх зүйн тухай, томилгоот нэгжийн бүтэц, гүйцэтгэх үүрэг, дайчилгааны тухай, төрийн нууцын хадгалалт хамгаалалт, цэргийн албаны дүйцүүлэх, бүлгийн дадлага, спортын тэмцээн уралдаан гэх мэт олон үйл ажиллагааг төлөвлөжээ.


Энэхүү сургалтад Хэнтий, Сүхбаатар, Дорнод, Төв аймгийн сумдын Засаг даргын тамгын газрын дарга нар оролцож байгаа ба цэргийн албаны татлага, халагдалт, дүйцүүлэх гэх мэт анхан шатны үйл ажиллагаатай шууд холбоо хамааралтай ажилладаг тул батлан хамгаалах хууль, тогтоомж түүний нэмэлт өөрчлөлтийг судалж байгаадаа талархалтай байгаагаа сургалтын үеэр оролцогчид хэлж байлаа.


Түүнчлэн Төв аймгийн нутаг дэвсгэрт Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн командлал 1, Зэвсэгт хүчний 016, 119, 311, 334 нэгтгэл ангиуд үйл ажиллагаагаа явуулдаг. Энэ нь өсвөр насны хүүхдүүдэд цэрэг эх оронч үзлийг төлөвшүүлэхэд ач холбогдол бүхий гэдгийг албаныхан нээлтийн үеэр онцоллоо.

Related news