Японд өдөрт халдварын хамгийн олон тохиолдол илэрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2022-08-11 09:45:26

ТОКИО. /Kyodo/. Японд лхагва гарагт илэрсэн коронавирусний халдварын шинэ тохиолдлын тоо 250 403-т хүрсэн нь цар тахал дэгдсэнээс хойш улсын хэмжээнд өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болжээ.


Ингэснээр эрүүл мэндийн салбарын ачаалалтай холбоотой асуудалд олон нийт дахин санаа зовних болоод буй энэ үед Ерөнхий сайд Кишида Фүмиогийн шинэ Засгийн газар цар тахлын долоо дахь давлагааг даван туулах сорилттой тулгарч байна.


“Бид “COVID-19”-тэй зэрэгцэн амьдрах амьдралын шинэ үе шатанд” цаг алдалгүй шилжих болно гэж К.Фүмио Засгийн газрын шинэ бүрэлдэхүүнийг танилцуулсны дараа болсон хэвлэлийн бага хурлын үеэр онцолжээ.


Японд коронавирусний халдварлах чадвар өндөр “омикрон” хувилбарын “BA.5” дэд хувилбарын тархалтын улмаас өдөрт илрэх шинэ тохиолдлын тоо анх удаагаа 250 мянгын босгыг давсан нь энэ юм. Өмнө нь наймдугаар сарын 3-ны өдөр 249 800 орчим тохиолдол илэрч байв.


Тус улсад “COVID-19” халдварын шинэ тохиолдлын тоо зургаадугаар сараас хойш нэмэгдэх болсон бөгөөд долоодугаар сарын дундуур уг үзүүлэлт өмнөх долоо хоногийнхоосоо хоёр дахин нэмэгдэж өссөн байна. Үүний зэрэгцээ хүндээр өвчилсөн, нас барсан хүмүүсийн тоо олноор нэмэгдэх болжээ.


Лхагва гарагт Японы 47 мужийн 20-д нь халдварын хамгийн олон тохиолдол илэрсэн бөгөөд Токио хотод 34 243 тохиолдол, Осака, Аичи мужид 23 730, 18 862 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна. 

Related news