ГОВЬ-АЛТАЙ: Ерөнхий боловсролын сургуулийн багш нарт 830 ширхэг зөөврийн компьютер олгоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн хэмжээнд 2022-2023 оны хичээлийн шинэ жилд 12200 хүүхэд суралцаж байгаагаас 1100 хүүхэд нэгдүгээр ангид элсэн орж эрдмийн их өргөөний алтан босгыг алхлаа.
Говь-Алтай аймгийн ИТХ-ын дарга Д.Даваадорж Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн нээлтэд оролцож, хичээлийн шинэ жилийн мэндчилгээ дэвшүүллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ:
-“Говь-Алтай аймгийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу боловсролын салбарын сургалтын тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх, сургалтын чанарыг сайжруулах, сурлагын дүнг ахиулах, багш ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх асуудлын хүрээнд бодит хөрөнгө оруулат хийж байгаа.
Тухайлбал, Ерөнхий боловсролын сургуулийн багш нарт 830 ширхэг зөөврийн компьютер, 12 дугаар ангийн сурагчдад 630 ширхэг таблетын санхүүжилтыг аймаг, сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэлээ. Энэ нь улсын хэмжээнд жишиг санаачилга, жишиг ажил болсон, цаашид ч тодорхой ажлууд хийхээр бодлогын бичиг баримтад тусгасан. 2022 онд тус аймгийн сургалтын чанар өмнөх жилийн үзүүлэлттэй харьцуулахад 10 байраар урагшилсан амжилтыг гаргасан билээ.
Ингээд эрдмийн их аянд хөл тавьж, эрдэм номд шамдан суралцаж буй оюутан, сурагч, багш, сурган хүмүүжүүлэгч нартаа хичээлийн шинэ жилийн мэнд дэвшүүлье” гэлээ.
Нээлтийн үеэр тус сургууль Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 7 дугаар сарын 11-ний өдрийн 159 дүгээр зарлигийн дагуу Эзэн Богд Чингис хааны эш хөргийг залж, эрхэмлэн дээдлэв.