ГОВЬ-АЛТАЙ: Мод тарьж, ургуулах хариуцлагын гэрээ байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-09-05 11:20:09

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Алтай хотын албан байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлагуудтай мод тарьж, ургуулах хариуцлагын гэрээ байгууллаа. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн, аймгийн Засаг даргын санаачилсан "108 сая мод тарьж, ургуулах" аяны хүрээнд мод үржүүлгийн баазуудыг шинээр байгуулах, хамгаалалтын ойн зурвас, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлыг аймгийн хэмжээнд амжилттай явуулж байна.

Энэхүү ажлын хүрээнд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар Алтай хотод үйл ажиллагаа явуулдаг албан байгууллага, аж ахуй нэгжийн удирдлагуудтай мод тарьж, ургуулах гэрээ байгууллаа. Мөн үеэр аймгийн Засаг даргын Зөвлөх Д.Батбилэг гурван жилийн хугацаанд тарьсан мод нь 75 хувиас дээш ургасан байгууллага, хувь хүмүүс урамшуулал олгоно гэдгийг мэдэгдэв.

Сонирхуулахад, иргэн болон албан байгууллага, аж ахуйн нэгжүүд өөрийн тарьж, ургуулсан мод тус бүрийг нэг зуун мянган төгрөгөөр үнэлж урамшуулал авах боломжтой юм.


Related news