ДОРНОД: Орон нутагт шаардлагатай мэргэжлээр суралцах оюутнуудыг "Нутгийн ирээдүй" төсөлд хамруулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2022-09-08 16:57:37

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн хэмжээнд нэн шаардлагатай мэргэжлээр их, дээд сургуульд суралцах оюутнуудыг 2019 оноос эхлэн "Нутгийн ирээдүй" төсөлд хамруулж, орон нутгаас сургалтын төлбөрийг бүрэн хариуцаж байна. Энэ намар 22 оюутныг тус төсөлд хамруулж, аймгийн Засаг дарга, тухайн сумын Засаг дарга, оюутан нар хариуцлагын гэрээг байгууллаа.  

Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн: "Сум, орон нутагт дутагдалтай байгаа боловсон хүчний нөөцийг бүрдүүлэхэд төрийн бодлого хэрэгтэй болж байна. 2019 оноос энэ хэрэгцээг харж, орон нутгийн төсвийн хөрөнгөөр эргэн төлөгдөхгүй 100 хувийн дэмжлэгээр аймаг, сумын хөгжлийн бодлого төлөвлөлттэй уялдуулан, сумдын захиалгаар тухайн орон нутагт нэн шаардлагатай 10 мэргэжлээр 100 орчим боловсон хүчнийг бэлтгэж байгаа" гэв.

Харин тэтгэлэгт хамрагдаж буй оюутнууд: "Төслийн шаардлагыг хангаж чадвал сургалтын төлбөрт санаа зовохгүй суралцахаас гадна төгсөөд ажлын байр бэлэн байх нь аймаг орон нутгаас үзүүлж буй томоохон дэмжлэг" гэдгийг хэлж байлаа.

Төсөлд хамрагдсан оюутнууд эхнээсээ ажлын талбарт гарч, 21 төгсөгч сумдад хуваарилагдан эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаж эхэлжээ.  

Аймгаас нэг жилийн сургалтын төлбөрийн тэтгэлэг авсан бол тухайн сумандаа хоёроос доошгүй жил, хоёр жилийн сургалтын төлбөрийн тэтгэлэг авсан бол тухайн сумандаа гурваас доошгүй жил, гурав ба түүнээс дээш жил сургалтын төлбөрийн тэтгэлэг авсан бол тухайн сумандаа таваас доошгүй жил тогтвор суурьшилтай ажиллахаар хариуцлагын гэрээнд тусгасан байна. Хөдөөгийн сумдад багш, хүний их эмч, шүдний эмч, сувилагч, тархвар судлаач, агрономич, геологи, геодезийн инженер, малын эмч, байгаль хамгаалагч, газар зохион байгуулагч, ус хангамж, ариутгах татуурга, дулааны инженер зэрэг мэргэжил нэн шаардлагатай байгаа юм.  

Related news