ГОВЬ-АЛТАЙ: “Ээжийн элбэрэл” аялалд 200 гаруй хүн оролцов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-09-13 09:58:30

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн байгалийн дурсгалт газар Ээж хайрхан уулыг түшиглэн жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Ээжийн элбэрэл” аялал энэ удаа есдүгээр сарын 11-нд болсон бөгөөд нийт 200 гаруй аялагч оролцжээ.

Ээж хайрхан уул нутгийн иргэдийн биширч ирсэн, шүтлэгтэй уул бөгөөд уул усаа шүтэх уламжлалт зан заншлыг сэргээх, гадаад дотоодын амрагч, аялагч, жуулчдад зориулсан шинэ брэнд бүтээгдэхүүнийг бий болгох нь энэхүү аяллын онцлог юм.

Говь-Алтай аймгийн Засаг даргын хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа томоохон бодлогын нэг аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого юм. Уг үйл ажиллагааны үеэр аймгийн аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд холбогдох байгууллагаас хэрэгжүүлж буй ажлуудын талаар оролцогчдод мэдээлэл хүргэж, эхчүүд, эмэгтэйчүүд “Ээж хайрхан уул”-д сүү өргөх ёслол, иргэд, байгууллагуудын дунд элсний гар бөмбөгийн тэмцээн зэргийг зохион байгуулсан тухай аймгийн БОАЖГ-аас танилцуулав.

“Ээжийн элбэрэл” аяллыг зохион байгуулснаар байгалийн өвөрмөц тогтоц бүхий онцлог газар лекц сонсон, уул усаа шүтэх уламжлалт зан заншлыг сэргээх зэрэг зүйлүүдийг иргэд олон нийтэд таниулдаг ач холбогдолтой юм.

2015 оноос хойш жил бүр тасралтгүй зохион байгуулж буй энэхүү үйл ажиллагааг тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Говийн их дархан цаазат газрын “А” хэсгийн хамгаалалтын захиргаа, Цогт сумын ЗДТГ хамтран явууллаа.


Related news