ГОВЬ-АЛТАЙ: “С.Аварзэд-100" түүх ба орчин үе эрдэм шинжилгээний бага хурал болов

ФОТО МЭДЭЭ
185@montsame.mn
2022-09-20 12:02:11

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын Гадаад явдлын яамны сайд агсан С.Аварзэдийн 100 жилийн ойд зориулсан "Аварзэд-100" түүх ба орчин үе эрдэм шинжилгээний бага хурал Алтай хотноо боллоо. 

Эрдэм шинжилгээний бага хуралд аймгийн ИТХ-ын дарга Д.Даваадорж, аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Бэхбат, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Цолмон, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Галбадрах, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Жаргалсайхан, Монголын улс төрийн хэлмэгдэгсдийн холбооны тэргүүн Д.Цогтбаатар, Хилийн цэргийн дээд сургуулийн багш, хурандаа Ц.Ганболд, БНМАУ-ын ГЯЯ-ны сайд С.Аварзэд агсны гэргий Л.Дугармаа, хүү А.Цогт, охин А.Алимаа нарын хүндэт зочид оролцлоо.

Хүндэт төлөөлөгчид түүний түүхэн намтар, гавьяа үйлсийнх нь талаар танилцуулж хийсэн бүтээснийг нь хойч үеийнхэн мартаж болохгүйг тэмдэглэн хэлсэн юм. Мөн үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн мэндчилгээг Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Жаргалсайхан уншин танилцуулж, орон нутгийн удирдлагуудад гардуулсан юм. 


Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн БНМАУ-ын Гадаад явдлын яамны сайд С.Аварзэдийн алдар гавьяаг мөнхжүүлэн үлдээх зорилгоор ийн хэлэлцүүлэг өрнүүлсэн ба түүний гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэж олон нийтэд танилцуулав. Үүнээс гадна их хүмүүний 100 жилийн ойг тохиолдуулан аймгийн ИТХ-ын наймдугаар хуралдаанаар Есөнбулаг сумын Шагай төвийн уулзвараас Ардчиллын өргөө хүртэлх гудамжийг С.Аварзэдийн нэрэмжит болгож, ёслолын үйл ажиллагааг зохион байгуулав. 


Үүний зэрэгцээ түүний 100 жилийн ойд зориулсан хүчит 32 бөхийн барилдааныг зохион байгуулсан юм. Хүчит бөхийн барилдаанд аймгийн арслан Ч.Эрдэнэсайхан түрүүлж, аймгийн начин Б.Төрмөнх үзүүрлэсэн бол шөвгийн дөрөвт сумын заан н.Мөнгөнтулга, сумын заан Х.Мөнхтогоо нар шалгарав.


С.Аварзэд нь 1922 онд Монгол Улсын Засагт хан аймгийн Бишрэлт гүний хошуу одоогийн Говь-Алтай аймгийн Цогт сумын Баян-Өндөр хэмээх газар төржээ. Түүнийг гурван настай байхад эцэг эх нь мөнх бусыг үзүүлж тэрбээр ах, эгч нарынхаа асрамжид өсч Тайшир сумын бага сургуульд орж суралцсан байна. 1937-1941 онд ЗХУ-ын Эрхүү хотын Зоо мал эмнэлгийн техникумд сурч улмаар Говь-Алтай аймагт малын бага эмч, Мал аж ахуйн яаманд малын бага эмч, орчуулагчаар ажиллажээ. 


1946 онд Маршал Х.Чойбалсаны тушаалаар ЗХУ-ын Москва хотод Олон улсын харилцааны дээд сургуульд явсан анхны зургаан оюутны нэг бөгөөд 1952 онд тус сургуулийг Олон улсын эрх зүйч мэргэжлээр төгссөн байна.


Тэрээр Гадаад явдлын яамны Ерөнхий нарийн бичгийн даргын туслах, Улсын прокурорын орлогч, Засгийн газрын зохион зааварлах хэлтсийн даргаар ажиллаж байжээ. 1955-1957 онд БНМАУ-ын Гадаад явдлын яамны сайдаар ажиллаж байсан аж. 


С.Аварзэд агсны Монгол Улсын Дипломат албаны түүхэнд үлдээсэн томоохон гавьяа бол 1957 оны зун ЗХУ-ын санаачилгаар эхлүүлсэн Монгол-Зөвлөлтийн хилийн хэлэлцээнд оролцох Монголын төлөөлөгчдийн тэргүүнээр ажиллах хугацаандаа эх орныхоо тусгаар тогтнол, бие даасан бүрэн эрхт байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдлын төлөө туйлбартай тэмцэж ажиллажээ. 


Зөвлөлтийн төлөөлөгчид Увс аймгийн хойд хэсэг Тэсийн голоос Тагнын нурууг давуулсан стратегийн ач холбогдол бүхий уран, гянт болдын нөөцтэй манай түүхэн хил нутаг 700 км хоёр газрыг өөрийн улсын нутаг дэвсгэрт багтааж хилээ тогтоохоор Монголын төлөөлөгчдөөс шаардсан байна. 


Гадаад явдлын яамны сайд С.Аварзэд Зөвлөлтийн талын саналыг хүлээж авах боломжгүй гээд эрт үеэс тогтож ирсэн түүхэн хил манай нутаг дэвсгэрийн бодит байдалд нийцэхгүй байгааг баримтаар нотлон Монголын газар нутгийн бүрэн бүтэн байдлын төлөө тууштай тэмцсэн эх оронч байлаа. Түүний тэмцлийн дүн зах зээлийн ханшаар 4.2 тэрбум ам долларын үнэтэй 2566 тонн цэвэр мөнгөний нөөц Асгатын ордыг монголчууддаа авч үлдэж чадсан байна.


Тэрээр 1959-1964 онд Бүгд найрамдах Унгар улсад суугаа Элчин сайд, Улсын прокурорын газарт хэлтсийн дарга, МУИС-д багшаар ажиллажээ. 


Түүнийг эх орныхоо төлөө хэлэлцээ дээр баримталсан бодлогынх нь төлөө хэлмэгдүүлэн тухайн үеийн нам төрийн удирдлагууд шийтгэж, нутаг заан ГовьАлтай аймгийн Цогт суманд Нэгдлийн дарга, Автотээврийн 1, 37 дугаар баазад жолоочоор ажиллаж байгаад тэтгэвэрт гарчээ.