АРХАНГАЙ: MAS Wrestling ДАШТ-нд Монгол Улсын тамирчид багийн дүнгээр гуравдугаар байрт орлоо

ФОТО МЭДЭЭ
gereltod@montsame.mn
2025-08-04 13:53:58

Эрдэнэбулган, 2025 оны наймдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. MAS Wrestling-ийн долоо дахь дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Архангай аймгийн АРА Complexт амжилттай болж өндөрлөлөө.


33 орны 230 гаруй шилдэг тамирчид хурд хүчээ сорин өрсөлдсөн бөгөөд өсвөр насныхан болон насанд хүрэгчдийн ангиллаар нийт 128 медаль гардуулсан.

Аваргын цомыг багийн дүнгээр ОХУ-ын тамирчид авсан бол 2-р байранд Киргизстан, 3-р байранд Монгол Улсын тамирчид орлоо.


Энэ удаагийн тэмцээний онцлог нь оролцогчдын өргөн бүрэлдэхүүн байв. Монгол Улсаас 66, Оросоос 60, Кыргызстанаас 34 тамирчин оролцож, хүчний тулааны гол өрсөлдөөн эдгээр гурван орны дунд өрнөсөн юм.


Өсвөр насныхны ангилалд Орос, Монгол, Киргизстан болон Казахстаны өсвөрийн тамирчид амжилттай оролцож, медалийн эзэд боллоо.


Монголын өсвөрийн баг олон жинд амжилт үзүүлж, хамгийн олон медаль хүртсэн нь онцлог байлаа.


Насанд хүрэгчдийн ангилалд Орос, Киргизстан, Монгол зэрэг уламжлалт хүчтэй багууд медалийн жагсаалтыг тэргүүлсэн. Мөн Словак, АНУ, Чех, Пакистан, Ангол, Канад, Конго, Иран, Польш, Азербайжан зэрэг улс тэмцээнээс медаль хүртсэн нь MAS Wrestling спорт дэлхий дахинд тэлж, олон улсын оролцоо нэмэгдэж буйн илрэл боллоо.


Энэхүү тэмцээн нь зөвхөн спортын өрсөлдөөн байгаад зогсохгүй олон үндэстний соёл, нөхөрлөлийн харилцааг гүнзгийрүүлсэн чухал үйл ажиллагаа болж өндөрлөлөө.


MAS Wrestling-ийн энэхүү долоо дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Архангай аймаг ARA COMPLEX-тоо амжилттай зохион байгуулж, олон улсын спортын түүхэнд томоохон шинэ хуудсыг нэмлээ.