ӨВӨРХАНГАЙ: Дэлгэрэх голын голдирлыг бүрэн шулуутгаж, орчныг тохижуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-09-20 15:05:29

Өвөрхангай /МОНЦАМЭ/. “Дэлгэрэх гол” төслийг 2012 оноос хойш үе шаттайгаар хэрэгжүүлж, голын эвдэрсэн голдирол, нурсан эрэг, хайрга шороо бүхий гуу жалгыг бүтээн байгуулалтаар тохижуулаад байна.


Арвайхээр хотын дундуур урсдаг Дэлгэрэх голын голдирол эвдэрсний улмаас бороо ус ихтэй үед зарим айл өрх үерт автах эрсдэл үүсч байсан. Тэгвэл улс, орон нутгийн төсвийн 111.9 сая төгрөгийн хөрөнгөөр тохижилтын зураг төсвийг гаргаж, 1867.4 сая төгрөгийн хөрөнгөөр 53732,0 м3 ус хуримтлуулах хүчин чадалтай хөв, 2500 метр газарт голын голдирлыг шулуутгажээ.


Мөн голдирлын хоёр талаар 22 мянган м2 талбай бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулан 390 м хатуу хучилттай авто зам, 750 м урт дугуйн зам, 1500 м2 явган хүний зам тавьж, 10 мянган м2 талбайг зүлэгжүүлэхийн зэрэгцээ Дэлгэрэх гол дагуу 13 га талбайд ногоон байгууламж байгуулж,  25000 орчим мод бут тарьж ургуулаад байна. 

Related news