ӨВӨРХАНГАЙ: Хужирт сум дахь Эрэн хайх, аврах бүлэг шинэ байртай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-09-21 12:43:49

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой байдлын газрын харьяа, Хужирт сум дахь Эрэн хайх, аврах бүлэг өөрийн гэсэн байртай боллоо.

Улс, орон нутгийн төсвийн  294 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар алба хаагчдын өрөө, сургалтын танхим, амрах өрөө, тусгай болон туслах албаны автомашины граж бүхий 360 м2 талбайтай, хоёр давхар барилгыг “Өв Хангамж” ХХК барьж ашиглалтад оруулаад байна.



Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 331 дүгээр тогтоолоор Архангай, Өвөрхангай аймгийн зургаан сумын 30-аад мянган хүн амыг гамшиг осол, аюулаас хамгаалах үүрэг бүхий Эрэн хайх, аврах бүлгийг Хужирт суманд байгуулсан бөгөөд өнөөг хүртэл түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байсан юм.




Шинэ байрны нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн С.Чинзориг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, Бригадын генерал Д.Чүлтэмсүрэн, аймгийн Засаг даргын орлогч И.Доржсүрэн болон албаны бие бүрэлдэхүүн оролцлоо.

УИХ-ын гишүүн С.Чинзориг хэлэхдээ “Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан УИХ-аар батлуулсан. 2023 оноос хэрэгжиж эхлэх энэ хуулийн нэмэлт өөрчлөлтөөр аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй ажиллаж байгаа Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг 5 жил тутам авах боломж бүрдсэн. Үүний үр дүнд Онцгой байдлын байгууллагын ажилтнууд хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажиллахын зэрэгцээ амьдралын чанар нь сайжрах боломж бүрдэнэ” гэлээ. 

Related news