ДОРНОД: Аймгийн хэмжээнд 208 сул ажлын байр байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2022-09-21 16:09:00

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн ХХҮГ-ын ажил хайж буй иргэдийн бүртгэлд өнөөдрийн байдлаар 1023 хүн байна.


Харин аймгийн хэмжээнд 208 ажлын байр сул байгаагаас 103 нь төрийн байгууллагуудынх. Төрд ажлын байр ийнхүү хангалттай байгаа ч цалин бага байдаг нь төрийн албанд ажиллах залуучуудын сонирхлыг бууруулж байгаа юм. Тиймээс төрийн албыг цаашид цомхон, чадварлаг, цалин өндөртэй болгох шаардлага урган гарч байна гэдгийг яг одоо Тусгаар тогтнолын талбайд болж байгаа "Хөдөлмөрийн үзэсгэлэн яармаг"-т оролцож байгаа аймгийн удирдлага онцолж байна.   

Энэхүү "Хөдөлмөрийн үзэсгэлэн яармаг"-ийг Дорнод аймгийн Залуучуудын хөгжлийн зөвлөл, "Старт-ап" төвөөс санаачлан ажил хайгч, ажил олгогчдыг холбох зорилгоор зохион байгуулж байна. Үзэсгэлэн яармагт 40 гаруй иргэн, ААНБ оролцож, сул ажлын байрны талаарх мэдээллээ танилцуулахын зэрэгцээ хүний нөөцийн сангийн бүрдүүлэлтийг хийж байгаа гэв. Түүнчлэн ЖДҮ эрхлэгчид болон "Старт ап"-т хамрагдсан залуучууд бүтээгдэхүүнийхээ үзэсгэлэнг сонирхуулж байна.  

Сүүлийн жилүүдэд Дорнод аймагт хувиараа хөдөлмөр эрхлэх иргэдийн тоо нэмэгджээ. Харин үйл ажиллагаагаа явуулах байрны асуудал тулгардаг учраас төрийн өмчийн ашиглахгүй байруудыг хөнгөлөлттэй түрээслэх, ЖДҮ-ийн төвүүдийг олноор байгуулахыг зорьж байгаа гэж ХХҮГ-аас мэдээллээ.  


Related news