ӨВӨРХАНГАЙ: Польш санваартан Бэнэдикт Полакийн дурсгалд зориулсан хөшөөг босгох хүсэлт тавив

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-09-22 10:50:42

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кшыштоф Бойко Өвөрхангай аймагт ирж, аймгийн Засаг дарга А.Ишдоржтой санал солилцлоо.


Тэрбээр Ромын Пап IV Иннокентийн элчээр 1246 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Их Монгол Улсын нийслэл Хархорум хотод хүрэлцэн ирж байсан польш санваартан Бэнэдикт Полакийн дурсгалд зориулсан хөшөөг Хархорин суманд босгох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.




Тус хөшөөг суурилуулснаар Хархорум хотын шашин, соёлын түүхийг гадаад, дотоодын жуулчид танин мэдэх боломж бүрдэх ба ялангуяа Польшоос ирсэн аялагчдын сонирхлыг ихээхэн татах болно хэмээн хэлэв.


Хөшөөг ирэх сарын эхний өдрүүдэд Хархорин сумын Аялал жуулчлалын гудамжинд суурилуулах бөгөөд тэр үеэр БНПУ-ын хөдөө аж ахуйн дэд сайд хүрэлцэн ирж, Өвөрхангай аймагтай хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах талаар ярилцана гэдгийг Кшыштоф Бойко уламжилсан юм. 

Related news