ХОВД: 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнд 100 гаруй сурагч оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-09-22 15:35:13

Ховд /МОНЦАМЭ/.  ХААН банк нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Ховд аймгийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд  3x3  сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулж байна.


Тэмцээнийг мэргэжлийн шүүгчдийн үнэлгээгээр дүгнэж байгаа бөгөөд өдгөө 30 багийн 100 гаруй тамирчин оролцон өрсөлдөж байна.


Энэхүү тэмцээн нь  сагсан бөмбөгийн спортыг орон нутагт хөгжүүлэх, хүүхэд, залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд чухал ач холбогдолтой.


ХААН банк нь 21 аймаг болон нийслэлийн алслагдсан зарим дүүрэгт 3x3 сагсан бөмбөгийн стандарт талбай байгуулж буй.  Энэ хүрээнд Ховд аймагт байгуулсан сагсан бөмбөгийн стандарт талбайд ийнхүү 2 дахь удаагийн тэмцээн амжилттай өрнөлөө.   


ХААН банкны нэрэмжит 3х3  сагсан бөмбөгийн тэмцээний үйл ажиллагаа өнөөдөр үргэлжилж байгаа бөгөөд шилдэг баг, тамирчдыг мөнгөн шагналаар шагнаж урамшуулахаар төлөвлөжээ.  


Related news