ДОРНОД: 810 ахмадыг өдрийн сувилалд хамруулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2022-09-23 08:37:11

Дорнод /МОНЦАМЭ/. Энэ зун аймгийн төв болон сумдад нээн ажиллуулсан өдрийн сувилалд 810 ахмад хамрагджээ. Ийнхүү сувилуулснаар 87 хувийнх нь артерийн даралт тогтворжсон бол нойргүйдэл нь багассан 88 хувь, өвдөлт багассан 86 хувь, эрүүл мэндийн боловсрол сайжирсан 94 хувь, сэтгэл санааны байдал дээшилсэн 93.5 хувь зэрэг эерэг үзүүлэлтүүд гарсан байна.


Мөн ахмадууд сувиллын чанар хүртээмж өмнөх жилүүдээс сайжирч байгаа гэж үзжээ. Энэхүү "Ахмадуудыг өдрийн сувилалд хамруулах" төслийг 2019 оноос эхлэн аймгийн хэмжээнд зохион байгуулж хэвшээд байгаа юм. Тодруулбал, сумдын Эрүүл мэндийн төвийг эрсдэлт бүлгийн, суурь өвчтэй, онцгой асаргаа сувилгаа шаардлагатай ахмад настнуудыг эрүүл мэндийн байгууллагын хяналтад байгалийн ус, агаар, шавар, шарлага бусад хүчин зүйлийг ашиглаж сэргээн засах тусламж үйлчилгээг  үзүүлэх, эрүүл мэндийг дэмжих зорилгоор Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байна. 

2019 оноос хойш ахмадуудын зуны сувилалд нийт 2700 гаруй ахмад хамрагджээ.


Related news