ГОВЬ-АЛТАЙ: ЧИП төсөлд хамрагдсан өрхүүдэд дулаалгын багц хүлээлгэн өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-09-26 13:46:48

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Монгол гэрийн халаалт, дулаалга агаар сэлгэлтийн багц буюу ЧИП төсөлд хамрагдахаар хүсэлтээ өгсөн өрхүүдэд гэр дулаалгын багцыг хүлээлгэн өглөө. 


Агаарын чанарыг сайжруулах хөтөлбөр, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу Говь-Алтай аймгийн ЗДТГ, Есөнбулаг сумын ЗДТГ болон НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр “Монгол гэрийн халаалт дулаалга, агаар сэлгэлтийн багц буюу ЧИП төсөл”-ийг Есөнбулаг суманд хэрэгжүүлж байгаа ажээ.


Тус төсөл нь 2 800 000 төгрөгийн өртөгтэй бөгөөд 70 хувь буюу 1 960 000 төгрөгийг Орон нутгийн төсөв болон төсөл хөтөлбөрөөс санхүүжүүлж, 30 хувь буюу 840 000 төгрөгийг иргэн өөрөө төлж хамрагдаж байгаа юм. Тэгвэл энэ онд агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Есөнбулаг сумын гэр хорооллын 520 өрхийг хамруулахаар төлөвлөгдсөнөөс төлбөрөө бүрэн төлсөн, урьдчилгаа төлбөрөө байршуулсан 140 өрхийн гэр дулаалгын багцыг айл өрхүүдэд хүлээлгэн өглөө. 

“Монгол гэрийн халаалт, дулаалга агаар сэлгэлтийн багц буюу ЧИП төсөл”-д 2020 онд 50, 2021 онд 97 өрх хамрагдсан бол энэ онд төсөлд хамрагдахаар хүсэлтээ өгсөн 520 өрхийг хамруулна. Төсөлд хамрагдахыг хүссэн иргэд өөрийн харьяа багийн Засаг дарга болон Нийгмийн ажилтандаа бүртгүүлээрэй хэмээн холбогдох албанаас танилцуулав. Төсөлд хамрагдсанаар “Халаалт, дулаалга, агааржуулалтаа шийдсэн цэвэр тухтай монгол гэр”-т амьдрах боломжтой юм.


-Гал түлэхгүй, өглөө гэр дулаахан

-Түлээ нүүрс мод бэлдэхгүй, үнс тортогтой холилдохгүй 

-Өдөр бүр таны цагийг хэмнэх ЧИП багц танд монгол гэрийн халаалт, дулаалгын хамгийн ухаалаг шийдэл гэдгээрээ онцлогтой. 


Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүүхдийн сан, Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байгаа “Эх, хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөөг бууруулах нь” төслийн хүрээнд ШУТИС-тай хамтран гэрт амьдардаг айл өрхүүдэд зориулсан эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй монгол гэрийн халаалт, дулаалгын ЧИП/CHIP багцыг зохион бүтээж, 2019 оны өвлөөс эхлэн Баянхонгор, Говь-Алтай, Өмнөговь аймгийн төв, нийслэл Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт нэвтрүүлжээ


Related news