БАЯНХОНГОР: Гүр дууны нот буюу "Ян-Иг" аймгийн музейд хадгалагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2022-09-27 16:23:53

Баянхонгор /МОНЦАМЭ/. Урлаг соёлын ховор нандин үзмэр болох Гүр дууны нот буюу "Ян-Иг" Баянхонгор аймгийн музейд хадгалагдаж байна.


Чин сүзэгт Номун хан Лувсанноровшийравын удаа дараагийн дүр хувилгаадын зохиосон "Гүр дууны бичиг" хөгжмийн бүтээл нь 18 дугаар зууны томоохон туурвилын нэг. Гүр гэдэг нь эртний Энэтхэг, Төвөдөөс дамжин ирж, монголчуудын шашны зан үйл, түүний дотор сүм хийдийн найрын дуу хөгжмийн төрөл үлэмж дэлгэрсэн нэгэн зүйл дууны төрөл юм.


Гүр дууны нотыг “Ян-Иг” гэдэг. Гүр дууны нот буюу "Ян-Иг"-ийг Чин сүзэгт Номун ханы 1, 2, 3 дугаар дүрүүд болох анхдугаар хувилгаан Лувсаншийрав /1701-1768/, 2-р хувилгаан Лувсандандарванчиг /1760-1827/, 3-р хувилгаан Бадамдорж /1830-1882/ нар зохиосон байна.


Монголчуудын урлаг соёлын түүхэнд хүний оюун ухааныг хөгжүүлэх чиглэлээр туурвигдан гарч ирсэн бүтээл бол бодол бясалгалын дуулал гүр дуу юм. Гүр дууг Чин сүзэгт Номун ханы хүрээ хийдэд зун цагт буддын шашны номын найрт дуулж байжээ. Гүр дууг зохион туурвигчид нь тухайн үеийн эрдэм боловсролтой шашны зүтгэлтнүүд, лам хувраг, хувилгаад байсан ба ялангуяа “Эрдэнэ ноён цорж” хэмээх цол хэргэмээр шагнуулж, олны дотор хүндийг олж явсан Чин сүзэгт Номун хан өргөмжлалт Лувсанноровшийрав (1701-1768) болон түүний удаа дараагийн зургаан дүр хувилгаад юм.


Одоогоор гүр дууны бичгийн найман гар бичмэл дэвтэр олдоод байгаа бөгөөд Гүр дууны агуулгад орчлон ертөнцийн тухай ойлголтыг маш өргөн утгаар авч тайлбарласан байдаг байна. Гүр дууны шүлгийн агуулга дахь орчлон бол зөвхөн одоо буй хүний амьд орчлон бус, хүний урд төрөл, хойд нас, ирээдүйд дахин төрөл авах буюу хүний оюун санаа, сүнсийн байх орчин гэхчлэн орчлон ертөнцийн үй түмэн үзэгдэл юмсыг орон зай, цаг хугацаа “өнгөрсөн-одоо-ирээдүй” гэсэн харьцаанд маш өргөн утгаар нь авч үзсэн байдаг.


Сонирхуулахад, Анх Манжийн хаан Эрдэнэ ноён Лувсанноровшийравт Чин сүзэгт Номун хан цол олгосноор 1751 онд одоогийн Галуут сумын 3-р багийн нутагт Чин Сүжигт Номун хааны хүрээг байгуулсан түүхтэй. Тухайн үедээ алтан шунхан ганжираа гялбуулсан 24 дуган, 4 дацан, 700 гаруй лам хувраг, Ганжуур, Данжуурын бартай 7 сүмбэн зохиолтой бурхны шашны томоохон төв байсан бөгөөд энэ төвөөс 6 гэгээн, 3 хутагт тодорсон ажээ.

Related news