ДОРНОД: Архинд донтох эмгэгтэй 300 гаруй иргэн бий

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2022-09-28 12:02:46

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн хэмжээнд архинд донтох эмгэгтэй 300 гаруй иргэн бүртгэлтэй байна. "Архигүй Дорнодчууд" хөтөлбөрийн хүрээнд энэ жил архины хамааралтай иргэдийг сайн дурын эмчилгээнд хамруулах ажлыг эхлүүлээд байгаа юм. Дээр дурдсан 300 гаруй иргэнээс 100-г нь архинаас гаргах эмчилгээнд хамруулах төсөв хөрөнгийг энэ онд шийдвэрлэсэн ч иргэдийн хамрагдалт хангалтгүй байгааг ГХУССЗ-өөс анхааруулж байна. 


Аймгийн ИТХ-ын дэргэд үйл ажиллагаа явуулдаг тус зөвлөл БОЭТ, сэтгэц, наркологийн "Ухаарал" эмнэлэгтэй хамтран ажиллаж,  аймгийн төвийн 11 багийн иргэдэд мэдээлэл зөвлөмж хүргэх, сумдын ИТХ, Засаг даргад албан бичиг хүргүүлж, архидан согтуурахтай тэмцэх ажлыг эрчимжүүлэх, сайн дурын эмчилгээнд иргэдийг хамруулах чиглэлээр идэвхтэй ажиллаж байна.


Одоогийн байдлаар сайн дурын эмчилгээнд Гурванзагал, Дашбалбар, Сэргэлэн, Хэрлэн сумын 20 гаруй иргэн хамрагдаж, архинаас татгалзжээ. Тэр хэрээр ахуй амьдралд нь эерэг өөрчлөлтүүд гарч эхэлсэн гэдгийг дээрх иргэдийн төлөөлөл ярьж байлаа.

Энэ жил сайн дурын эмчилгээнд хамруулах ажлыг зохион байгуулах бол ирэх жилээс архинд донтох эмгэгтэй иргэдийг албадан эмчилгээнд хамруулна гэв.

Related news