Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг бэхжүүлэх талаар зөвлөлдөнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2022-09-28 14:16:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Тогтвортой хөгжлийн зорилт ба эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг бэхжүүлэхэд олон нийтийн оролцоог дэмжих нь” сэдэвт зөвлөлдөх уулзалт маргааш буюу 9 дүгээр сарын 29-ний өдөр Миллениум зочид буудалд болно.

 

Тус уулзалтад Эрүүл мэндийн яам, НҮБ-ын Хүүхдийн сан, Боловсрол, шинжлэх ухааны яам, Батлан хамгаалах яам, аймаг, нийслэлийн Засаг дарга, Эрүүл мэндийн газрын дарга, Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, нэгдсэн эмнэлгийн дарга, холбогдох мэргэжлийн салбар зөвлөл, мэргэжлийн нийгэмлэг, холбоо, сувилагч бэлтгэж буй их, дээд сургуулиуд, эрүүл мэндийн байгууллагуудын удирдах ажилтнуудыг оролцуулан зохион байгуулах юм.

 

2012 онд Бразил Улсын Рио Де Жанейро хотод дэлхийн улс орнуудын төрийн тэргүүнүүд оролцсон “Тогтвортой хөгжил” бага хурлын үеэр “Тогтвортой хөгжил-2030 хөтөлбөр”-ийг анх санаачилсан бөгөөд 2015 онд НҮБ-ын Ерөнхий Асамблейн 70 дугаар чуулганаар 17 зорилго, 169 зорилт бүхий “Тогтвортой хөгжлийн зорилт”-ыг баталсаныг 2016 оноос эхлэн дэлхий нийтээр хэрэгжүүлж байгаа билээ.


Энэхүү тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд дэлхийн улс орнууд “Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт”-ыг хэрэгжүүлэх үүрэг хүлээсний дагуу  Монгол Улсын эрүүл мэндийн тогтолцоог хамгийн үр ашигтай, чанартай  зохион байгуулах арга замын нэгээр “эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг бэхжүүлж, нийгмийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа, эрүүл амьдралын хэв маягийн төлөвшүүлэх” гэж тодорхойлж, Монгол Улсын иргэн бүр эрүүл мэндийн нэн шаардлагатай, чанартай тусламж, үйлчилгээг санхүүгийн хүндрэл бэрхшээлгүйгээр авах боломжийг бүрдүүлэхэд анхаарч, үе шаттай арга хэмжээ авч ажиллаж байна.

 

Энэ удаагийн “Тогтвортой хөгжлийн зорилт ба эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг бэхжүүлэхэд олон нийтийн оролцоо” сэдэвт зөвлөлдөх уулзалтаар эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг орон нутгийн хүн амын эрүүл мэндийн эрэлт, хэрэгцээтэй уялдуулж зохистой бэлтгэх, сувилахуйн хүний нөөцийг нэмэгдүүлэхэд онцлон анхаарах юм. Мөн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд салбар дундын хамтын үйл ажиллагааг уялдуулж, орон нутгийн засаг захиргаатай хамтран ажиллах, санхүүжилтийн нөөц, боломжийг үр ашигтай хуваарилах, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, олон нийтийн эрүүл мэндийн ажилтанг бэлтгэх ДЭМБ-ын зөвлөмж, зааврыг нутагшуулах талаар хэлэлцэж, олон нийтийн эрүүл мэндийн ажилтанг бэлтгэж ажиллуулж буй туршлагыг танилцуулж, нэгдсэн зөвшилцөлд хүрэхээр зорьж байна.

 

Зөвлөлдөх уулзалтыг Эрүүл мэндийн сайд С.Энхболд, НҮБ-ын Хүүхдийн сангийн Шадар суурин төлөөлөгч Аяако Каино нээж үг хэлнэ. Улмаар “Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам”, “Сувилахуйн тусламжийн өнөөгийн байдал, олон улсын чиг хандлага”, “Эрүүл мэндийн хүний нөөц ба дэлхий дахины чиг хандлага, анхан шатны тусламж үйлчилгээг бэхжүүлэхэд олон нийтийн оролцоо”, “Анхан шатны тусламж, үйлчилгээнд олон нийтийн эрүүл мэндийн ажилтны үүрэг, оролцоо, эрх зүйн орчин”, “Ерөнхий боловсролын сургууль-Үе тэнгийн сургагч ба эрүүл мэнд”, “Сүрьеэгийн тусламж, үйлчилгээнд олон нийтийн эрүүл мэндийн ажилтны үүрэг оролцоо, сайн туршлага” илтгэлүүдийг Эрүүл мэндийн яам, НҮБ-ын Хүүхдийн сан болон бусад байгууллагаас тавьж, хэлэлцүүлэг хийж санал солилцоно.

Related news