ДОРНОД: Тосон Хулстайн БНГ-аас 15 иргэн хууль бусаар үйлдвэрлэлийн хадлан бэлтгэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2022-09-29 14:58:04

Дорнод /МОНЦАМЭ/. Тосон Хулстайн байгалийн нөөц газраас 15 иргэн хууль бусаар үйлдвэрлэлийн зориулалттай хадлан бэлтгэжээ. Тус бүс нутаг байгалийн нөөц газар учраас хохирлыг гурав дахин нугалж төлүүлдэг. Жил бүр эндээс хадлан бэлддэг асуудлыг нэг мөр шийдэх гарц гаргалгаа олохгүй бол хадлан хадаад торгууль төлдөг жишиг тогтож байна. 


Энэ өдрүүдэд аймгийн ХХААГ, Мэргэжлийн хяналтын газраас томилогдсон ажлын баг зургаан суманд хяналт шалгалт хийж байгаа юм. Дорнод аймаг орон нутгийнхаа иргэдэд хадлан хадах газар өгч, үлдсэн хэсэгт өөр аймгаас хүсэлтээ өгсөн хадланчдыг оруулахаар зохицуулалт хийжээ. Тухайлбал, Халх гол суманд 21 мянган га газарт хадлан хадуулахаар хуваарилсан ч хүсэлт ирээгүй, учир нь орон нутгийн иргэд өөрсдөө гаднын хадланчидтай хамтарсан нэрийдлээр ямар нэгэн гэрээгүйгээр хууль бусаар хадлан бэлтгэх асуудал гарсаар байна. Шалгалтаар гурван суманд 13 иргэн талбайгаа хэтрүүлэн хадах, зөвшөөрөлгүйгээр үйлдвэрлэлийн хадлан хадах зөрчил гаргажээ. Хариуцлагыг гэрээ байгуулсан иргэн хүлээх бөгөөд торгууль, нөхөн төлбөр, хохирол барагдуулах гэсэн гурван төрлийн арга хэмжээ тооцож байгаа аж. 


Энэ намар Баянтүмэн суманд хадлангийн ямар нэгэн зөрчил гараагүй гэв. Хэрэв зөрчил гаргавал ирэх жил гэрээ байгуулахгүй гэсэн шаардлага тавьж, үйлдвэрлэлийн хадлангаа тойруулаад өрхийн хадланчиддаа хаяа дэрлүүлэн газар олгосон нь иргэд бие биедээ хяналт тавих боломжийг бүрдүүлжээ.  

Related news