ДОРНОД: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сургууль, цэцэрлэгт хамрагдалт сайжирна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2022-10-12 17:23:57

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймагт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд цэцэрлэг, сургуульд хамрагдах, багш нар тухайн хүүхдүүдтэй хэрхэн тулж ажиллах, тэдэнд зориулсан загвар "Хөгжлийн танхим"-уудыг байгуулах тал дээр цаашид анхаарна.


Учир нь БШУЯ, Азийн хөгжлийн банктай хамтран "Тэгш хамруулах боловсролыг дэмжих" төслийн хүрээнд хоёр сая ам. долларын санхүүжилт бүхий төсөл улсын хэмжээнд дөрвөн цэцэрлэг, дөрвөн сургуульд хэрэгжиж байгаа. Энэхүү төсөл нь цэцэрлэгийн дэд бүтцийг сайжруулах, багш нар болон дэмжлэгийн багийг чадавхжуулах, сургалтын орчны хүртээмжийг нэмэгдүүлэх гэсэн гурван үндсэн чиглэлээр хэрэгжинэ. 


Дорнод аймгаас дээрх төсөлд улсын тэргүүний Наймдугаар цэцэрлэг сонгогдсон бөгөөд тус цэцэрлэгийн нэг бүлгийг "Хөгжлийн танхим" болгож бүрэн засварлан тохижуулж байна. Түүнчлэн тэргэнцэртэй хүүхдэд зориулсан налуу шат, зориулалтын иж бүрэн ариун цэврийн байгууламж бүхий дөрвөн бүлэгтэй болж байгаагаас гадна багш нар нь зүүн бүсийн хэмжээнд сургагч багшаар бэлтгэгдэж байна.


Ташрамд сонирхуулахад, нийслэлийн СХД-ийн 105-р сургууль, 253-р цэцэрлэг, Дархан-Уул аймгийн 12-р сургууль, долдугаар цэцэрлэг, Дорнод аймгийн Нэгдүгээр сургууль, Дундговь аймгийн "Говийн ирээдүй" сургууль, Гуравдугаар цэцэрлэг тус төсөлд сонгогджээ. 

Related news