АРХАНГАЙ: "Цэцэгт Архангай" хөтөлбөрийг ирэх хавар дахин хэрэгжүүлнэ

ФОТО МЭДЭЭ
gereltod@montsame.mn
2022-10-25 09:47:12

Архангай /МОНЦАМЭ/. "Цэцэгт Архангай" хөтөлбөрийг анх удаа өнгөрсөн хавраас энэ намрыг дуустал хугацаанд явуулж, хүүхдийг байгалиа хамгаалах, цэцэг, мод тарих арга ухаанд суралцуулсан.


Өөрөөр хэлбэл, “Нэг сурагч - нэг цэцэг” аянд Эрдэнэбулган, Цэнхэр, Ихтамир, Булган сумын ерөнхий боловсролын есөн сургуулийн 3-11 дүгээр ангийн 6403 сурагч  хамрагдсан байна. 


Сурагчид хөрсөө өөрсдөө бэлтгэж, цэцэг тарих, анги танхим сургуулиа цэцэгжүүлэх, цэцгийн ач тусын талаар мэддэг болж, сурагч бүр цэцэг тарьсан.


Энэ хугацаанд аймгийн БШУГ-аас ”Цэцэгт Архангай” олон нийтийн сүлжээн дэх бүлгийг ажиллуулж, сурагчид багштайгаа хамтран хэрхэн ажиллаж байгаагаа зургаар байршуулан тогтмол мэдээлж байлаа.


Сурагчид сургуулийн орчинд төдийгүй аймгийн музей, Булган уулын орчимд жимсний хаягдал сав, байгалийн чулууг ашиглан цэцгийн мандал байгуулахаас гадна сургууль дотроо болон гадаа зөөж байрлуулж болохуйц саванд цэцэг тарьсан зэрэг туршлагууд байна.


Сургууль бүрд цэцгийн үрийг нь аймгийн ЗДТГ-аас өгсөн. Сурагчид биологийн багштайгаа хамтран, нэг удаагийн аяга, ундаа, сүүний савыг дахин ашиглан, үрслүүлсэн бөгөөд Эрдэнэбулган сумын  I, II, III, IV, V, Ирээдүй сургууль, Цэнхэр, Булган, Ихтамир сумын сурагчид анги хамт олноороо цэцгээ үрслүүлэн мандлын цэцэг ургуулсан байна.


Сургуулийн байгаль шинжлэлийн багш нар байгаль орчныг хамгаалах уламжлалт болон орчин үеийн арга ухаан, зан үйл, зөв хандлага, мод, сөөг, мандлын болон тасалгааны цэцэг, зүлэг тарих, цэцэрлэгжүүлэлт, хог хаягдлыг багасгах, аяга, ундаа, сүүний савыг  дахин ашиглах талаар сурталчилгааг зохион байгуулжээ.


Хүүхдүүд “Нархан”, “Хаврын дуу” цэцгийн холимог, арслангийн нүд зэрэг 17 төрлийн 5000 шахам цэцэг тарьсан. Сургууль бүр өөр өөр цэцэг тарьж, ирэх жил ахиад тарих цэцгийн үртэй болсныг багш нар хэлж байв.


“Нэг сурагч - нэг цэцэг” аяны хүрээнд багш, ажилтан, сурагчийг идэвхтэй оролцуулж, сайн зохион байгуулсан сургуулийг шалгаруулан I-III байр эзлүүлэн багш нарын баяраар шагналыг гардуулсан.

Нийт шагналын сан 2.3 сая төгрөг байсан бөгөөд,

1 дүгээр байрт “Ирээдүй”  сургууль -1 сая төгрөг

2 дугаар байрт  1 дүгээр сургууль-800000 мянган төгрөг

3 дугаар  байрт 5 дугаар сургууль-500000 төгрөгөөр тус тус шагнуулсан байна.


“Нэг сурагч - нэг цэцэг” аяныг хойтон жил бүх сургууль, цэцэрлэгийн хүрээнд зохион байгуулахаар болжээ.