Зэсийн баяжмал боловсруулах, алт цэвэршүүлэх үйлдвэрийн төсөлд хамтран ажиллах боломжтой гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
oyundelger@montsame.gov.mn
2022-10-24 13:22:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Уул уурхайн, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар ИБУИНХУ-ын Ерөнхий сайдын худалдааны элч ноён Даниел Кавчински, тус улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Филип Малон тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.


Уулзалтаар хоёр орны бизнесийн хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцлоо. Сайд Ж.Ганбаатар УУХҮЯ-наас баримталж буй бодлого, хууль эрх зүйн орчин, салбарын хүрээнд хийж буй шинэчлэлийн талаар дурдаад, Монгол Улс нь геологийн хувьд нөөц, бололцоотой. Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт нэвтрүүлж болох дэвшилтэт технологийг Монголд нутагшуулах, зэс алт, газрын ховор элементийн геологи, хайгуулын салбарт хамтран ажиллах саналаа илэрхийллээ.


ИБУИНХУ-ын Ерөнхий сайдын худалдааны элч, парламентын гишүүн Даниел Кавчински: “Манай улс дэлхийн 14 оронд худалдааны элч төлөөлөгчтэй байдгийн нэг нь Монгол Улс. Энэ нь танай улс чухал ач холбогдолтойг илэрхийлж байна. Бид Их Британийн Зээлийн санхүүжилтийн байгууллагаар дамжуулан тодорхой төсөлд хамтран ажиллах саналтай байна. Тэр дундаа, зэсийн баяжмал боловсруулах, алт цэвэршүүлэх үйлдвэрийн төсөлд хамтран ажиллах боломжтой” гэжээ.


Уулзалтын төгсгөлд талууд геологи, хайгуул, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт байнгын хамтын ажиллагаатай, харилцан ашигтай ажиллах боломжтой гэдэгт санал нэгдсэнийг УУХҮЯ мэдээлэв. 


Related news