“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоож буй онцгой дэглэмийн явцыг сар бүр мэдээлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
oyundelger@montsame.gov.mn
2022-10-26 14:21:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д 6 сарын хугацаатай онцгой дэглэм тогтоох талаар Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцлээ.


Төлбөрийн тэнцэл алдагдал их байгаа өнөөгийн нөхцөлд гадаад валютын орох урсгалыг нэмж, Засгийн газрын 2022 оны 362-р тогтоолыг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагыг харгалзан “Эрдэнэс Тавантолгой” компанид 6 сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоох болсныг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлсэн юм.


“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацаанд Засгийн газарт эрх олгох тухай хууль, тогтоолд заасан арга хэмжээг хэрэгжүүлж, компанийн үндсэн үйл ажиллагаа, удирдлага зохион байгуулалт, төлбөр тооцоог сайжруулж, орлого нэмэхийг шууд хариуцан гүйцэтгэж, Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг томилжээ.


ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан ярихдаа, “Засгийн газрын энэ сарын 5-ны хуралдаанаас гаргасан тогтоолын хүрээнд Монгол Улсын төлбөрийн тэнцэлтэй холбоотой валютын нөөц нэмэх чиглэл өгсөн. “Эрдэнэс Тавантолгой" компанид энэ оны эцэст гэхэд 500 сая, “Эрдэнэт” үйлдвэрт 300 сая ам.доллар, мөн уул уурхайн бусад компанид борлуулсан бүтээгдэхүүнийхээ мөнгийг төвлөрүүлэх үүрэг өгсөн. “Эрдэнэс Тавантолгой" компанийн үйлдвэрлэлийн хэвийн нөхцөлийг хангаж, компанийн бүтэц зохион байгуулалтыг оновчтой тогтоон шинэчлэх, шаардлагатай бол холбогдох албан тушаалтанг томилж, чөлөөлөх, хөдөлмөрийн болон үйлдвэрлэл технологийн дүрэм, аюулгүй ажиллагааны тусгай журам тогтоох, нүүрсний ордоос нүүрс ачих тээвэрлэх, худалдан борлуулах, хил нэвтрүүлэх бүх шатанд хяналтыг сайжруулах, энэ чиглэлээр бүх талын дэмжлэг үзүүлнэ. Компанийн хөрөнгө оруулалт, зорилт, хэрэгжилт, үйл ажиллагаанд санхүүгийн хяналт шалгалт хийж Засгийн газрын хуралдаанд танилцуулах, гадаад валютын нөөцийг нэмэх чиглэлээр авах арга хэмжээний тухай тогтоолыг хангуулж ажиллахыг Ж.Ганбатад даалгасан. Онцгой дэглэмийн үр дүн, явцыг Засгийн газрын хуралдаанд сар бүр танилцуулж байх юм" хэмээв. 

Related news