Оюутолгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 300 гэрч дууджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-11-13 17:06:07

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Хянан шалгах түр хороо нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголыг ирэх сарын 8-12-нд зохион байгуулахаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Батнайрамдал, Б.Бат-Эрдэнэ, П.Ганзориг, Б.Жаргалан, С.Зулпхар нар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.


Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх хянан шалгах түр хороог 2025 оны долдугаар сарын 2-нд байгуулсан. Өнөөдрийг хүртэлх хугацаанд Хянан шалгах түр хороо 12 удаа хуралдаж, УИХ-ын хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулахаар товлосныг тус Хянан шалгах түр хорооны дарга О.Батнайрамдал мэдээллийнхээ эхэнд дурдав.


Нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголд 300 гэрчийг оролцуулахаар Хянан шалгах түр хороо шийдвэрлэсэн байна. “Жавхлант” (MV-15225), "Шивээ толгой" (MV-15226) ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн нөөцийг тогтоож, үнэлгээг тодорхойлсон болон холбогдох бусад баримтад үндэслэн төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоохтой холбогдуулан хяналт шалгалт хийх, "Оюу толгой" ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн гэрээ /Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон/-ний санхүүжилтийн хүүгийн хувь, түүнийг олон улсын зах зээлийн жишигт нийцүүлэн бууруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, холбогдох үр дагаврыг судлан хяналт шалгалт хийх, санал дүгнэлт гаргах тусгай шалгалтын хүрээ хязгаар бүхий хянан шалгах түр хороо 2006 оноос хойш буюу 20 жилийн хугацаанд Оюу толгой төсөлтэй холбоотой асуудлаар ямар нэг шийдвэр гаргасан, ажлын хэсэгт ажилласан албан тушаалтан, холбогдох байгууллагуудын төлөөллийг гэрчээр дуудаж байгааг О.Батнайрамдал гишүүн мэдээлэлдээ онцоллоо.


Сонсголын гэрчийн нэрсийн жагсаалтад Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан гурван хүн, Ерөнхий сайдаар ажиллаж байсан долоон хүн, Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан 25 хүн, УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан 39 хүний нэр багтсан байгааг тэрбээр танилцуулав. Түүнчлэн Ашигт малтмал, газрын тосны газар, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Байгаль орчны яам, Гадаад хэргийн яам, Гаалийн ерөнхий газар, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Сангийн яам, Татварын ерөнхий газар, ЗГХЭГ-ын албан тушаалтнууд, “Рио Тинто” групп болон “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-ийн төлөөлөл, холбогдох албан тушаалтнууд, “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн ТУЗ-ийн үе үеийн дарга, тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан хүмүүс багтсаныг О.Батнайрамдал гишүүн мэдээллээ.

Related news