ДАРХАН-УУЛ: Өдөрлөгийн хүрээнд 150 гаруй ахмад эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамрагдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2022-11-01 19:59:23

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Аймгийн Ахмадын хөгжлийн төвийн санаачилгаар “Эрүүл насжилт-настны эрүүл мэнд” өдөрлөгийг зохион байгууллаа. Уг өдөрлөгийн хүрээнд ахмадуудад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамрууллаа. Дээрх үйл ажиллагааг “Гос Хот” ӨЭМТ-тэй хамтран зохион байгуулсан аж. Гос Хот ӨЭМТ-д Дархан сумын 1,4,5,6,7,8,16, Малчин багийн 3605 ахмад настан бүртгэлтэй. Үүнээс 91 нь байнгын асаргаатай ахмад байна. Өнөөдрийн үйл ажиллагааны үеэр ахмадууд даралтаа хэмжүүлж, эхо, зүрхний цахилгаан бичлэг хийлгэлээ. Мөн сайн дураараа томуугийн урьдчилан сэргийлэх тарилгад хамрагдан, эмчийн зөвлөгөө мэдээллийг авчээ.

Үзлэгт хамрагдсан ахмадуудын дунд насжилттай холбоотой даралт ихсэх өвчин зонхилж буйг эмч нар онцолж байна. Мөн эхо оношилгоогоор элэгний хатуурал, бөөрний үрэвсэл, түрүү булчирхайн өөрчлөлтүүд ч их байгаа аж.

Өнөөдрийн “Эрүүл насжилт-настны эрүүл мэнд” өдөрлөгт 150 гаруй ахмад үзлэгт хамрагджээ. Цаашид уг өдөрлөгийг үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй аж. Тиймээс бусад өрхийн эрүүл мэндийн төвүүд Ахмадын хөгжлийн төвтэй хамтран харьяа багийнхаа ахмадуудад дээрх үйлчилгээг үзүүлэх боломжтой ажээ.

Ахмадын хөгжлийн төв өнгөрсөн нэг жилийн хугацаанд 32500 ахмадад үйлчилгээ үзүүлжээ.

Ташрамд аймгийн Ахмадын хөгжлийн төв нь УИХ-ын гишүүн Сангийн сайд Б.Жавхлангийн дэмжлэгтэйгээр “Эрүүл идэвхтэй оролцоотой амьдрал” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Уг хөтөлбөрийн хүрээнд “Эрүүл насжилт настны эрүүл мэнд өдөрлөг”-ийг зохион байгууллаа. 

Related news