ДОРНОД: Шинэ хогийн цэг орчимд тэсэрч дэлбэрэх галт хэрэгслийг хайн устгаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2022-11-02 10:31:00

Дорнод /МОНЦАМЭ/. Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн бие бүрэлдэхүүн хөл хөдөлгөөн нэмэгдэх магадлалтай шинэ хогийн цэг байгуулахаар төлөвлөсөн Баянтүмэн сумын буяны хонхор орчимд тэсэрч дэлбэрэх галт хэрэгслийг хайж устгаж байна. Түүнчлэн Хэрлэн сум, Баянтүмэн суманд ЗХУ-ын цэргийн анги нэгтгэлүүд байрлаж байсан суурин газрууд, хээрийн сургууль хийж байсан бусад талбайд ч хийхээр төлөвлөж байгаа юм. 

Тус аймаг жил бүр Зэвсэгт хүчний анги нэгтгэлтэйгээ хамтран тэсэрч дэлбэрэх аюултай галт хэрэгслийг хайх, устгах ажлыг зохион байгуулдаг уламжлалтай. Өнөөдөр аймгийн Засаг дарга газар дээр нь танилцаж, үүрэг чиглэл өглөө.

Дорнод аймагт 1960-аад оноос эхлэн ЗХУ-ын цэргийн анги нэгтгэлүүд суурьшин байрлаж байсан түүхтэй. Энэхүү анги нэгтгэлүүдийн хээрийн сургууль хийж байсан дөрвөн том талбайд сургуулийн үед тэсрээгүй, газрын хөрсөнд үлдсэн, зарим нь манай зэвсэглэлд хэдийнэ ашиглахаа больсон галт хэрэгслүүд байгаа талаар мэргэжлийн алба хаагчид хэлдэг. Тиймээс ард иргэдийг байлдааны сум, тэсэрч дэлбэрч болзошгүй зүйлс таарвал гар хүрэхгүйгээр Цагдаагийн байгууллагад яаралтай дуудлага өгч, аюул ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. 

Related news