ТӨВ: “Нэг сум-Нэг бүтээгдэхүүн 2022” үзэсгэлэн худалдаа зохион байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/ Төв аймгийн Зуунмод хотын Солонго цогцолборт 11 дүгээр сарын 4-6-ны өдрүүдэд “Нэг сум-Нэг бүтээгдэхүүн” үзэсгэлэн худалдаа зохион байгуулна. Энэ удаагийн үзэсгэлэн худалдааг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд зохион байгуулах бөгөөд “Нэг сум-Нэг бүтээгдэхүүн” нь 2005 оноос хойш 18 дахь жилдээ болж байна.
Үзэсгэлэн худалдаанд Төв аймгийн 27 сумын жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид, баялаг бүтээгчид оролцох ба тэдний нэрийн хуудас болсон шинэ ургацын ногоо, жимс жимсгэнэ, даршилсан ногоо, айраг, сүү, цагаан идээ, мах, махан бүтээгдэхүүн, гар урлал, дээл хувцас, аж үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнүүд худалдаалах бөгөөд нэмүү өртөг шингэсэн дундын шат дамжлагагүйгээр, үйлдвэрлэл эрхлэгчдийн гар дээрээс шууд худалдан авалт хийх боломжтой юм.
Энэ үеэр үзэсгэлэнд оролцогч 27 сумын
баялаг бүтээгчдээс шилдгүүдээ тодруулах ба Шилдэг
хүнсний бүтээгдэхүүн, аж үйлдвэрийн
бүтээгдэхүүн, сав баглаа боодол-мөнгөн
богц, органик хүнс үйлдвэрлэгч, онцлох шинэ бүтээгдэхүүн, гар урлалын бүтээгдэхүүн, хамгийн их борлуулалт хийсэн иргэн, шилдэг 3 хоршоо болон үзэсгэлэнд хамгийн сайн
зохион байгуулалттай оролцсон шилдэг 3 сум шалгаруулж урамшуулах аж.







