ХОВД: Хөөмийн урлагийг түгээн дэлгэрүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-11-07 10:37:48

Ховд /МОНЦАМЭ/. Соёлын бүтээлч сар аяны хүрээнд Ховд аймгийн хэмжээнд олон талт ажлыг тусгай төлөвлөгөөний дагуу өрнүүлж байна.

2019 онд Ховд аймагт 1308 хөөмийч нэгэн зэрэг хөөмийлж, монгол хөөмийг “Гиннесийн ном”-д бүртгүүлж байсан түүхтэй.

Иймээс Ховд аймаг үндэсний өв соёлын нэг болох хөөмийгөөр дамжуулан соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хөөмийн урлагийг сурталчлах, мэргэжлийн уран бүтээлч болон өвлөн уламжлагчдыг алдаршуулах, тэднийг дэмжих зорилго бүхий ажлыг эхэлжээ.

Тодруулбал, нэг сарын турш хөөмийн сургалтыг зохион байгуулж байна. Сургалтад Буянт, Дөргөн, Мөст, Үенч, Алтай, Эрдэнэбүрэн, Цэцэг, Зэрэг, Мөнххайрхан, Мянгад, Дарви сумаас нийт 300 гаруй хүүхэд хамрагдаж, хөөмийлж сурч байгаа судалгаа гарчээ. 


Үүнээс гадна “Хөөмий-Ховд брэнд” сэдэвт соёлын бүтээлч үйлдвэрлэлийн уралдаан зохион байгуулж байна. 


Энэхүү соёлын бүтээлч үйлдвэрлэлийн уралдаан нь гар урлал, дуу хөгжмийн бүтээл болон утга зохиол яруу найраг, контентын бүтээл гэсэн гурван төрлөөр өрнөнө. 
Бүтээлийг 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүртэлх хугацаанд хүлээн авах бөгөөд 11 дүгээр сарын 28-нд мэргэжлийн шүүгчид шалгаруулан дүгнэж, олон нийтэд түгээх юм.

Мөн хөөмийн уралдаан, “Хөөмий бидний бахархал” лекц, “Алтан хонх” тэмцээн зэрэг хөөмийн өв соёлтой холбоотой үйл ажиллагаануудыг шинээр санаачлан хэрэгжүүлэх төлөвлөгөө гаргасан бөгөөд зарим нь эхнээсээ хэрэгжиж байна.  

Related news