“NASA” сар луу сансрын хөлөг хөөргөхөө дахин хойшлуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
khulan@montsame.gov.mn
2022-11-09 12:47:26

ВАШИНГТОН. /AFP/. АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах төв /NASA/ сарыг тойрон нислэг хийх "Orion" сансрын хөлгийг тээсэн пуужинг хөөргөхөө “Николь” шуурганы улмаас мягмар гарагт дахин хойшлуулжээ.


Флорида муж улсын Кеннедийн нэрэмжит Сансрын төвөөс 11 дүгээр сарын 14-нд хөөргөхөөр товлоод байсан “Space Launch System” пуужинг 16-ны өдөр хөөргөхөөр боллоо гэж “NASA”-гийн төлөөлөгч Жим Фри мэдээлсэн байна.


Ингэснээр сансрын хөлгийг хөөргөх тов гурав дахь удаагаа хойшилж байна.


Мягмар гаргийн өглөөний байдлаар “Николь” шуурга Флоридагийн зүүн эргийг чиглэн 100 км/цагийн хурдтайгаар урагшилж байсан бөгөөд хүч нь улам чангарах төлөвтэй байна гэж Хар салхи судлалын үндэсний төвөөс мэдээлжээ.


Нийт 98 метрийн өндөр бүхий “Space Launch System” пуужин нь 2025 он гэхэд саран дээр сансрын нисэгчдийг буулгах зорилго бүхий “Artemis” хэмээх сарыг судлах олон улсын төслийн нэг хэсэг юм.


“Artemis” хөтөлбөрийг гурван үе шаттай хэрэгжүүлэх бөгөөд эхний үе шатанд “Space Launch System” пуужинд суурилуулсан “Orion” хөлөг сарыг тойрон автомат нислэг хийснийхээ дараа дэлхий рүү буцаж ирнэ. 2023 онд товлосон хоёр дахь үе шатанд манай гаргийн цорын ганц дагуул руу сансрын нисэгчид жолоодлогот хөлгөөр нисэх бол 2025 онд гурав дахь үе шатанд “NASA” сансрын нисэгчдээ саран дээр буулгах ажээ. 

Related news