“Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвд тоног төхөөрөмж нийлүүлэх төсөл хэрэгжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2022-11-11 14:46:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийн хүрээнд “Улаанбаатар хотын Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвд тоног төхөөрөмж нийлүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэхээр боллоо.


Энэхүү төслийн гэрээнд Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяши болон Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднааабзар нар гарын үсэг зурав.


Төслийн хүрээнд тус дүүргийн Эрүүл  мэндийн төвд мэс заслын дурангийн аппарат нийлүүлэх юм.


Тус эмнэлэг мэс заслын дурангаар тоноглогдоогүйн улмаас дурангаар хийж болох мэс заслыг нээлттэй хагалгаагаар хийдэг бөгөөд энэ нь өвчтөний бие болон  сэтгэл санаа, санхүүгийн хувьд хүнд дарамт учруулдаг байна. Тиймээс уг төслийг хэрэгжүүлснээр ачаалал багасаж, улмаар тус дүүргийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар сайжрах юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, Япон Улсын ЭСЯ-тай хамтран энэхүү төслийг хэрэгжүүлснээр Налайх дүүргийн эрүүл мэндийн салбарт  маш том хөрөнгө оруулалт болж байна. Ингэснээр эмнэлгийн эмчилгээ үйлчилгээ нэг шатаар ахиж байгааг онцлон тэмдэглэв.

Япон Улсын Засгийн газар Монгол Улсад 1990 оноос өдийг хүртэл 32 жилийн турш “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн. Энэ удаагийн төсөл нь Өвсний үндэс буцалтгүй тусламжийн 583 дахь, Налайх дүүрэгт хэрэгжүүлэх 6 дахь төсөл болж байгаа юм. Мөн энэ удаа батлагдсан төслийн санхүүжилтийн дээд хязгаар нь 109.415 ам доллар буюу 344.659.940 орчим төгрөг юм.

“Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийг Япон Улсын Засгийн газар 1990 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд хөгжиж буй орнуудын хот болон орон нутгийн засаг захиргаа, боловсрол, эрүүл мэндийн байгууллагатай хамтран хэрэгжүүлдэг хамтын ажиллагааны төсөл юм. Тухайн орон нутгийн иргэд үр ашгийг нь шууд хүртэх боломжтой төслүүдэд санхүүжилт олгодог бөгөөд санхүүжилтийн дэмжлэг үзүүлэхэд Япон Улсын гадаад дахь дипломат төлөөлөгчийн газруудад голлох үүргийг гүйцэтгэдэг.


Related news