ДАРХАН-УУЛ: “Дүүрэн хангалттай” үнэлгээ авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2022-11-11 18:12:48

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайд, аймгийн Засаг даргатай байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу Дархан-Уул аймгийн Орхон суманд гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг энэ сарын 8-10-ны өдрүүдэд зохион байгуулсан байна. 


Сургуулийн удирдагч, аймгийн ОБГ-ын орлогч, Урьдчилан сэргийлэх тасгийн дарга, Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, дэд хурандаа Х.Энхнасан 9-ний өдөр “Цуглар” дохиогоор тус сумын Онцгой комисс, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнийг ажиллуулж нээлтийн үйл ажиллагааг эхлүүлжээ.

Үүний дараагаар хүн нэг бүрийн хамгаалах хэрэгсэл, үүргэвчний эд зүйлс, багаж зэвсэглэмжийн бэлтгэл бэлэн байдлыг шалгаж хэрэгцээт шаардлагай бүх зүйл байгаа эсийг үзэхэд хангалттай үнэлгээ авсан байна.


Мөн сумын Онцгой комисс болон мэргэжлийн ангийн удирдах бүрэлдэхүүнийг үүссэн цагийн байдал дээр ажиллуулсан аж. Орхон сумын Онцгой комисс, гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн газар хөдлөлт, мал амьтны гоц халдварт өвчин тархсан цагийн байдлаар ажиллаж 11 дүгээр сарын 10-ны өдөр “Дүүрэн хангалттай” үнэлгээ авч, команд штабын сургуулийг дуусгажээ.

Related news