ДАРХАН-УУЛ: Гурван улсын хүүхдийн урлагийн их наадамд амжилттай оролцлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2025 оны арваннэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Торгоны зам хүүхдийн урлагийн их наадам өнгөрсөн долоо хоногт БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотод болж өндөрлөлөө. Уг наадамд Дархан-Уул аймгийн Залуучууд театрын дэргэдэх Белл Канто дууны дугуйлан, Шарын гол сумын Соёлын төвийн дэргэдэх бүжгийн дугуйлангийн сурагчид оролцлоо.
БНХАУ, ОХУ, Монгол улсын дунд зохион байгуулсан урлагийн наадамд гурван улсын 500 гаруй хүүхэд оролцсон байна.

Хүүхдийн урлагийн хоёрдугаар наадмаас Залуучууд театрын дуучин Л.Эрдэнэтулгын удирдан хичээллүүлдэг Белл Канто дууны дугуйлангийн сурагчид найрал дууны төрөлд тэргүүн байр, гоцлол дууны төрөлд Б.Сувд-Эрдэнэ, Э.Азжаргал, А.Эрдэнэжаргал, Б.Баянмөнх нар тэргүүн байрт шалгарч алтан медаль, С.Хүрэлбаатар дэд байрт шалгарч мөнгөн медаль, Б.Түвшинболд хүрэл медаль хүртжээ.

Харин бүжгийн төрөлд Г.Бат-Энх эрхлэгчтэй Шарын гол сумын соёлын төвийн дэргэдэх бүжгийн дугуйлангийн сурагчид хамтлаг бүжгийн төрөлд хоёрдугаар байрт шалгарч мөнгөн медаль, гоцлол бүжгийн төрөлд Х.Уужим-Аялгуу мөнгөн медалийн эзэд болжээ. Тус дугуйланг бүжгийн багш Н.Батчимэг удирдан хичээллүүлдэг аж.

Мөн удирдаач, багш Л.Эрдэнэтулга уралдааны зохион байгуулагчдын зүгээс “Шилдэг багш”-ийн цом, өргөмжлөлөөр шагнагдсан амжилт үзүүлжээ.

Энэхүү амжилт нь Залуучууд театр
болон Монголын урлагийн салбарын нэр хүндийг олон улсын тавцанд өндөрт өргөсөн
бахархалт үйл явдал боллоо гэж аймгийн ССАЖЗГ-аас мэдээлэв.
Ulaanbaatar