СҮХБААТАР: Олон хотын нээлттэй тэмцээнд Сүхбаатарын баг тэргүүн байраа хадгалж үлджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-11-14 10:10:57

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймагт боксын спортыг хөгжүүлэгч, ОУХМ Н.Ганхуягийн нэрэмжит холимог насны боксын аварга шалгаруулах олон хотын нээлттэй тэмцээн 11 дүгээр сарын 10-13-ны өдрүүдэд Баруун-Урт хотод боллоо.


Тэмцээнд 13 аймаг, клубийн 130 гаруй тамирчин оролцож, эрэгтэй эмэгтэй нийт 19 жинд өрсөлдсөнөөс багийн дүнгээр Сүхбаатар аймгийн баг тамирчид илүүрхэж, тэргүүн байраа хадгалж үлджээ.


Тэмцээний ерөнхий шүүгчээр ОУХМ, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Б.Бат-Орших, нарийн бичиг шүүгчээр МУГДасгалжуулагч Г.Оюунболд, хяналтын шүүгчээр МУГТ, Ази тивийн хошой аварга Х.Алтанхуяг болон Монголын боксын холбооны шүүгчид ажилласан нь энэхүү тэмцээний цар хүрээг илтгэж байв. Тиймээс заалны зохион байгуулалтад ч онцгой анхаарч бүхий л талаар мэргэжлийн, стандартын орчныг бүрдүүлэхийг зорьжээ. Энэ нь ч оролцогчид болоод орон нутгийн үзэгчдийн сонирхлыг татаж байлаа.


Сүхбаатар аймагт боксын спорт хөгжих бүрэн боломжтой гэдэг нь Н.Ганхуяг багшийг ажиллах гуравхан жилийн хугацаанд харагдсан. Багшийнхаа үйл хэргийг үргэлжлүүлж байгаа М.Мөнхжаргал дасгалжуулагчдаа талархал илрэхийлье. Манай баг тамирчид богино хугацаанд өндөр амжилтуудыг удаа дараа гаргаж байгаа. Тиймээс аймаг орон нутгийн зүгээс онцгойлон анхаарч, дэмжин ажиллаж байна. Бид ирээдүйд олимпын медальтан төрүүлэх том хүсэл, зорилготой. Үүний тулд энэ төрлийн уралдаан тэмцээнийг орон нутагтаа зохион байгуулж, тамирчдаа сорих, ур чадварыг нь дээшлүүлэх, цаашлаад бусад тамирчдаас туршлага судлах боломжийг нь бүрдүүлж байгаа юм хэмээн аймгийн Засаг дарга, Боксын холбооны тэргүүлэгч М.Идэрбат нээлтийн үгэндээ хэлсэн.

Харин ОУХМ Н.Ганхуяг хэлэхдээ, Олон шилдэг баг тамирчдыг нэгтгэсэн том хэмжээний тэмээн зохион байгуулж буй Сүхбаатар аймгийн ЗДТГ, Боксын холбоо, шавь нартаа баярлалаа. Аймгийнхаа боксын холбоог маш сайн авч яваа тэргүүн, тэргүүлэгч нартаа баярлалаа. Сүхбаатар аймагт боксын спорт хөгжих нөхцөл боломж нь бүрдсэн байна. Нас насны шилдэг тамирчид ч хэдийнэ бэлтгэгдээд эхэлсэн байгааг харах үнэхээр баяртай байна гэв.


Н.Ганхуяг нь 1994-1997 он хүртэл гурван жилийн хугацаанд тус аймагт ажиллахдаа Алтан овоо боксын клубийг үүсгэн байгуулж, ОУХМ Б.Ганбаатар, М.Отгонбаатар, М.Мөнхжаргал, С.Энхбаатар зэрэг олон шилдэг тамирчныг төрүүлсэн бөгөөд үүнээс хойш 22 жилийн дараа буюу 2019 оноос шавь М.Мөнхжаргал нь аймаг орон нутагтаа багшийнхаа залгамж халааг үргэлжүүлэн хөгжүүлэхийн төлөө түүчээлэн ажиллаж байна.


Улмаар Сүхбаатар аймагт 2020 онд боксын холбоог албан ёсоор дахин байгуулж, тэргүүн Р.Ганхуяг долоон тэргүүлэгчтэйгээр холбооны үйл ажиллагааг явуулж байна. Ингэж холбоо дахин нэгдсэн нэг зохион байгуулалтад орж, боксын спортын хөгжлийн төлөө зүтгэсний үр дүнд сүүлийн гурван жилийн хугацаанд Сүхбаатар аймгийн баг тамирчид улс, бүс, нэрэмжит болон олон улсын чанартай тэмцээн уралдаанаас нийт 50 гаруй багц медалийг хүртжээ.


 

Related news