ЗАВХАН: Үндсэн хуулийн дугуйлан төсөлтэй хамтран ажиллана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНЗавхан/МОНЦАМЭ/. Тус аймагт Иргэдийн Шударга
шүүх ТББ-аас хэрэгжүүлж буй “Үндсэн хуулийн дугуйлан” төслийн нээлтийн үйл
ажиллагаа боллоо.
Нээлтэд аймгийн удирдлагууд, төрийн албан хаагчид оролцож, “Үндсэн хуулийн дугуйлан” төсөлтэй хамтран ажиллах санамж бичигт Завхан аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал, Иргэдийн Шударга шүүх ТББ-ын тэргүүн Х.Бат-ялалт нар гарын үсэг зурлаа. “Үндсэн хуулийн дугуйлан” төсөл нь иргэдэд хууль тогтоомжийг энгийн, хялбар байдлаар таниулан сурталчлах. Хүн бүр хуулийн хэм хэмжээг ижил тэгш дагаж, мөрддөг болох. Хуулийн зөв хэрэглээг дадал болгох зорилготой аж.
“Иргэдийн шударга шүүх” ТББ-аас санаачлан УИХ-ын Тамгын газартай хамтран хэрэгжүүлж буй энэ төсөл нь 2024 оныг дуустал үргэлжлэх ба үндсэн хуулийн талаарх мэдлэгийг иргэдэд олгохдоо сургагч багш нарыг бэлтгэх ажлыг зохион байгуулах юм гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.
Ташрамд, анхдугаар Үндсэн хуулиа баталж, Монгол Улсаа тунхаглан зарласны түүхт 97 жилийн ойн баярын өдөр буюу 2021 онд “Үндсэн хуулийн дугуйлан” төслийг албан ёсоор эхлүүлжээ. Төсөл гурван үе шаттай хэрэгжиж байгаа бөгөөд сургагч багш нарыг бэлтгэн, сургагч багш нараар дамжуулан иргэдэд хуулийн мэдлэг олгож, эцсийн шатанд төслийг дүгнэн, Үндсэн хуулийн 100 жилийн ойгоо угтах аж.
Сонирхуулахад, Үндсэн хуулийн дугуйлан төслийн логоны урт цацрагууд нь Монгол Улсын Үндсэн хуулийн зургаан бүлгийг илэрхийлж байгаа бөгөөд жижиг цацрагууд нь 70 зүйлийг нь төлөөлөхөөс гадна дугуйлан хэлбэрээр эх орныхоо сайн сайхны төлөө нэгэн зүгт харах, Монгол Улсаа нар шиг мандуулах гэсэн утга санааг илэрхийлжээ. Мөн “нэгдэгтүн, сахигтун” гэх үгийг монгол бичгээр зэрэгцүүлэн бичсэн нь төр, ард түмэн хоёр хамтдаа эх орныхоо сайн сайхны төлөө үндсэн хуулийнхаа үзэл санаан дор нэгдэн, улс орноо хөгжүүлэх гэх санааг бэлгэдсэн байна.
/Хамтран ажиллах санамж бичигт Завхан аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал, Иргэдийн Шударга шүүх ТББ-ын тэргүүн Х.Бат-ялалт нар гарын үсэг зурлаа/