ГОВЬ-АЛТАЙ: Ажил хайж буй 957 иргэн бүртгэлтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-11-21 10:01:06

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газарт энэ оны аравдугаар сарын байдлаар 957 иргэн ажил хайж бүртгүүлсэн байна.


Үүний 764 буюу 79.8 хувь нь ажил хөдөлмөр эрхлээгүй бүртгэлтэй иргэн, 193 буюу 20.2 хувь нь одоо ажил хөдөлмөр эрхэлж байгаа ч мэргэжлээрээ ажиллах сонирхолтой, ажлын байраа өөрчлөх хүсэлтэй бүртгэлтэй иргэн байгаа аж. Нийт бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо өмнөх оны мөн үеэс 279 буюу 29.1 хувиар, харин өмнөх сараас 7.2 хувиар өсжээ. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 364 буюу 38 хувь нь эмэгтэйчүүд байна.


Тус аймгийн хэмжээнд ажилгүй иргэдийн 15 буюу 1.5 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа ба үүний 0.5 хувь нь эмэгтэйчүүд байна.


Харин аравдугаар сард ажилгүй 118 иргэн шинээр бүртгүүлж, 147 иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан байна. Шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэдийн хувьд ажил хайж буй шалтгаанаар нь задлан харахад хамгийн өндөр хувийг цэргээс халагдсан шалтгаанаар 42 буюу 35.5 хувь, хамгийн бага хувийг сургууль орхисон чөлөө авсан 0.8 хувийг эзэлж байгаа тухай Говь-Алтай аймгийн Статистикийн хэлтсээс мэдээлэв.


Түүнчлэн бүртгэлтэй ажилгүй иргэдийн 526 буюу 54.9 хувь нь бүрэн дунд, 267 буюу 27.8 хувь нь дипломын болон бакалаврын дээд, 59  буюу 6.1 хувь нь техник мэргэжлийн, 31 буюу 3.2 хувь нь тусгай мэргэжлийн дунд, 42 буюу 4.3хувь нь суурь, 18 буюу 1.9 хувийг бага, 11 буюу 1.1 хувийг ямар ч боловсролгүй иргэд эзэлж байна.


Мөн тус аймгийн хэмжээнд ажилгүй иргэдийн 20.1 хувийг 15-24 насны залуучууд, 30.7 хувийг 25-34 насныхан, 28.1 хувийг 35-44 насныхан, 15.9 хувийг 45-54 насныхан, 4.3 хувийг 55-59 насныхан, 0.6 хувийг 60-аас дээш насныхан тус тус эзэлж байна.


Related news