АНУ-ыг үндэслэгчид Чингис хааны намтар судлалын анхны бүтээлийг ширээний номоо болгож байжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
oyundelger@montsame.gov.mn
2022-11-25 11:24:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зургаан зуу шахам нүүр бүхий, тухайн үедээ “аварга” том номыг 1712 онд англи хэлээр орчуулж гаргаснаар Чингис хааныг Америк, Европ тивд анхлан таниулж, алдаршуулсан түүхтэй. Үе уламжилсан дорно дахинч, араб судлаач Франсуа Пөти дө ла Круа эцгийнхээ тэрлэж үлдээсэн номыг хянан тохиолдуулж, 1710 онд Францын Парис хотноо хэвлүүлсэн нь энэ юм.


Уг номыг Их Эзэн богд Чингис хаан мэндэлсний 860 жилийн ойд зориулан Үндэсний төв номын сангийн Үнэт ховор номын музейд гаргаж буй Алтан цуглуулбар-999” үзэсгэлэнд дэлгэжээ. Чингис хаан судлалын тухай ном, товхимлын цуглуулга бүхий уг үзэсгэлэнгийн бүтээлүүдээс хамгийн эртний, олонд түгсэн, алдартай нь Чингис хааны намтар судлалын дээрх ном юм. 



“Чингис хааны намтар судлалын анхны энэ бүтээл нь АНУ-ыг үндэслэгчдийн ширээний ном болж байсан. Тодруулбал, АНУ-ыг үндэслэгч Бенжамин Франклин, 3 дахь ерөнхийлөгч Томас Жефферсон нар улсаа байгуулахдаа энэ номноос Чингис хааны үйл хэргийн тухай уншин, үлгэр авч, амьдрал үйл хэрэгтээ зарчмыг нь баримталж байсан гэж үздэг. Тухайн үед Чингис хаан Хархорумд дэлхийн бүх шашин зэрэгцэн оршиж болохыг хүлээн зөвшөөрч, шашны эрх чөлөөг тэргүүнд тавьж, анхлан тунхагласнаас Томас Жефферсон санаа авч, АНУ-д анх удаа шашны эрх чөлөөний тухай хуулийг санаачлан батлуулж байсан”-ыг Үндэсний төв номын сангийн маркетингийн менежер С.Чулуунпүрэв онцоллоо.


АНУ-ын Конргессын номын сангийн ажилтан, хэл бичгийн ухааны багш М.Саруул-Эрдэнэ 1712 онд англиар хэвлүүлсэн энэ номыг монгол хэлээр орчуулан, "Аугаа их Чингис хааны түүх"-ийг 2018 онд  хэвлүүлснээрээ монголчуудад унших боломж бүрдүүлжээ. 

 

               

                                 “Алтан товч”-монгол бичгээр уламжилж ирсэн “Монголын нууц товчоо”

“Монголын нууц товчоо” бүтээлийг Чингис хааны үнэн бодит түүхийг бичсэн эх сурвалж гэдэг ч монгол бичгээр уламжилж ирээгүй. Гэхдээ Лувсанданзангийн зохиосон “Алтан товч” сурвалж нь “Монголын нууц товчоо”-ны 282 зүйлийн 233-ыг нь хэвээр агуулсан тул “Монголын нууц товчоо”-ны монгол бичгээр үлдээсэн эх гэж үздэг байна.


17 дугаар зууны үеийн нэрт түүхч, Гүүш Лувсанданзан 1651 онд шавь нарынхаа хамт энэ сурвалжийг туурвисан учир судлаачдын дунд Лу Алтан товч гэдэг нэрээр алдаршсан. Энэ сурвалжид Монголын түүхэнд Чингис хаанаас эхлээд Лигдэн хааны үед ямар үйл явдал болж байсан тухай өгүүлжээ. Ингэхдээ “Монголын нууц товчоо”-ны 6-р бүлгийн сүүл, 7, 8 дугаар бүлэг бүтнээрээ, 12 дугаар бүлгийн төгсгөл хэсэг байдаггүй аж. Гэсэн хэдий ч “Монголын нууц товчоо”-нд байдаггүй нэлээд чухал мэдээ, баримт байдаг гэж эрдэмтэд үздэг байна. Тухайлбал Чингис хааны эцэг Есүхэй баатрыг насан эцэслэхэд Тэмүүжин гашуудсан тухай нууц товчоонд бичигдээгүй бол “Алтан товч” сурвалжид энэ тухай шүлэг байдгийг олон эрдэмтэн судалсан гэдгийг Үндэсний номын сангийн сан хөмрөгч Б.Отгонтуяа тайлбарлалаа.



“Алтан товч” сурвалжийн жинхэнэ эх буюу Хулсан үзгийн бичмэл эхийг 1926 онд Дорнод аймгийн Баянтүмэн хошууны Дарь тайжид эх хувиараа хадгалагдаж байсныг Судар бичгийн хүрээлэнг үүсгэн байгуулсан, анхны дарга Онходын Жамъян гүн олж авчирсан түүхтэй. Онходын Жамъян гүний гараар бичсэн хуулбар үндсэн “Алтан товч”-ийг Чингис хааны музейд олны хүртээл болгон дэлгээд байгаа аж.



“Алтан товч” сурвалжийг “Монголын нууц товчоо”-ны монгол бичгээр үлдээсэн эх гэж үздэг тул 1995 онд Засгийн газрын Түүх соёлын дурсгалт зүйлийн хосгүй үнэт өв, 2009, 2011 онд ЮНЕСКО-гийн Дэлхийн дурсамж хөтөлбөрийн Ази Номхон далайн бүс нутгийн өв, олон улсын баримтат өвөөр бүртгэжээ.

 

            С.Чулуунпүрэв: Чингис хаан бол орчин цагийн соёл иргэншлийн үндсэн зарчмыг бий болгосон


Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал, “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртсэн Америкийн Нэгдсэн Улсын эрдэмтэн Жак Уэтерфордын цөөнгүй номыг үзэсгэлэнд дэлгэжээ.  Тэрбээр, “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингис хаан” номоороо Чингис хаан болон монголчуудын түүхийг дэлхий дахинд үнэн бодитойгоор таниулсан алдар гавьяатан билээ.



Дэлхийн маш олон хэлээр хэвлэсэн номонд “Чингис хаан дэлхийн олон улс гүрнийг нэгэн жолоо дор, энх тунх, амар амгалан ертөнцийг цогцлоохыг зорьсон тухай өгүүлдэг. Үүнийгээ мөнх тэнгэрийн ивээлд үйлийн эрхээр хийсэн гэдгийг Үндэсний төв номын сангийн маркетингийн менежер С.Чулуунпүрэв тайлбарлав. Тухайлбал, -Монголын нууц товчооны 240 дүгээр зүйлд “Сартуул иргэнд алтан аргамжаан (элч төлөөлөгч) тасдуулаад зүгээр сууж болохгүй” хэмээсэн нь 1218 онд Чингис хааны итгэмжит элч болох 100 гаруй хүнийг сартуулууд хороосон тул дайлаар мордсоноороо дэлхий дахинд олон улсын харилцааны ёс, халдашгүй дархан байдлыг тунхаглаж, хүлээн зөвшөөрүүлсэн. Үүнээс хойш дипломат, халдашгүй дархан байдал гэдэг ойлголт бий болсон. Түүнчлэн, нээлттэй худалдаа, чөлөөт эдийн засаг, хууль ёс, төрт ёс, ёс зүйн зарчмыг бий болгож, өөрөө ч хуулиндаа тэгш эрхтэй захирагддаг байв. Наран мандахаас жаргах хүртэлх их газар нутгийг эрхшээсэн эзэн боловчиг өөрөө бусдын адил борог даавуу дээлтэй, алт үнэт эдлэлд умбаж тансаглахгүйгээр тэгш эрхтэй оршиж байсан нь орчин цагийн соёл иргэншлийн үндсэн зарчмыг бий болгосон. Ази европыг холбосон өргөн уудам газар нутаг, улс орон, хэдэн сая үндэстэн, ард түмнийг 1 жолоонд нэгтгэн, 1 захиргаатай, 1 дэг ёстой болгоод, харилцаа холбоо дэд бүтцийг хөгжүүлж, Монголын их амар амгалант (Pax Mongolica) үеийг цогцлоосон. Тухайн цагт Монголын баруунаас зүүн хязгаарт 18 настай охин толгойдоо алтан алим тавиад зорчиход ямар ч хулгай дээрэм, аюул учрахгүй. Энэ бол маш хүнлэг, шударга, эрх тэгш, аюулгүй энх амгаланг цогцлоосон цаг үе. Чингис хаан ийм л амгалан ертөнцийг бүтээхийг зорьж, Монголчууд орчин цагийн соёлт хүн төрөлхтнийг тунхаглаж өгснийг Жак Уэтерфорд дэлхийд таниулсан” гэдгийг тэмдэглэсэн юм.


Урьд нь Чингис хааны байлдан дагууллын түүхийг судалж байсан бол орчин цагт оюун санаа, сэтгэлгээний талаас нь задлан судалж байна. Тухайлбал, Гавьяат хуульч, академич  О.Нарангэрэлийн ном бүтээлд Чингис хааны ертөнцийг үзэх үзэл баримтлал, орчуулагч Г.Аким гуай ертөнц байгаль дэлхийд хандах хандлага, хувь хүнийх нь үзэл баримтлал, Жак Уэтерфорд хүнлэг энэрнэгүй үзэл, тэгш эрх, шударга ёсыг хүлээн зөвөөрсөн талаас нь өгүүлдэг аж.



Түүнчлэн, дипломат харилцаатай холбоотой, дипломат ёсыг Монголын эзэнт гүрнээс эхлэл, үндэслэлтэйг олон судалгааны бүтээлээр баталсан тухай бичсэн номнуудыг дэлгэжээ. Дэлхий ертөнцийг байлдан дагуулахдаа цэргийн урлагийг гарамгай эзэмшсэн Чингис хааны талаар Энэтхэгийн анхны Ерөнхий сайд Жавахарлал Неру дэлхийн түүхийн “Ертөнцийн түүхийг сөхөн үзвэл” ботиудынхаа эхний дэвтэрт “Чингис хаан Ази, Европыг донсолгосон нь” хэмээн Монголчуудын түүхийн тухай бичжээ. Ингэхдээ “Чингис хаан дэлхийн түүхэнд гарамгай жанжин төдийгүй өөр шигээ жанждыг төрүүлж, өөрийн гэсэн дайны арга барилтай цэргийн урлагийг үндэслэн, дэг бий болгосон. Өрлөг жанжид нь цэргийн урлагийг Юлий Цезарь, Александр нартай дүйцэхүйцээр эзэмшсэн” гэсэн байдаг аж.

 

Юань улсын судар” 210 ботиос 69-ийг нь монгол хэлээр хөрвүүлээд байна

Буриадын эрдэмтэн Цэвээн Жамсрановын олсон Чингис хааны түүхэнд холбогдох “Юань улсын судар”-ыг Цэнд гүн монгол бичгээр бичсэн гар бичмэлийг “Алтан цуглуулбар-999”  үзэсгэлэнд олонд сонирхуулж байна.


Мин улсын хааны зарлигаар 30 гаруй хятад түшмэл “Юань улсын судар”-ыг 1368 онд хятад хэлээр бүтээсэн нь монголчуудын талаарх 200 орчим сурвалжийн хамгийн дорвитой нь юм. Сударт Чингис хаанаас эхлээд Монголын хаадын намтар, ордны түшмэл, сайд, гүнж нар болон идээ ундааны соёл гэхчлэн бүх зүйлийг хамруулан бичсэнийг Судар бичгийн хүрээлэнгийн жинхэнэ гишүүн Дандаачансан гэж алдаршсан Чимидийн Дэмчигдорж орчуулжээ. Үндэсний номын санд 210 боть бүрэн эхээрээ ганц хувь хадгалагдаж байгаа бөгөөд эрдэмтэд судалж, орчуулаад орчин цагийн монгол хэлээр 69 дүгээр дэвтэр хүртэл буулгаад байгааг үзэсгэлэнд дээжлэн тавьжээ.


Түүнчлэн, 13 дугаар зууны үеийн түүхэн сурвалж бичиг Шаштирын чуулган буюу Рашид аддины Судрын чуулган бүтээлийг олон хэлээр хэвлэснийг олонд сонирхуулахаар дэлгэсэн байна. Хубилай хааны тусгай элч Болод Чинсан зөвлөхөөр ажиллаж, хамтран бүтээсэн гэдэг учир 1836 онд Парист франц хэлээр хэвлэсэн хэвлэлтийг ч Франц улсаас авчран дэлгэжээ.



Алдарт аялагч Марко Пологийн тэмдэглэлүүдийг ч үзэсгэлэнгээс сонирхох боломжтой. Марко Поло авга ахынхаа хамтаар 1271 онд дорно дахинд аялаад 20 гаруй жилийн дараа нутагтаа очсон байдаг. Ингэхдээ дайнд оролцон, Италид олзлогдоод 1298 онд Генуэзийн шоронд хамт хоригдож байсан Рустичиан гэх бичгийн боловсролтой хүнд дорно дахинд үзэж харсан, сонсож дуулсан, мэдсэнээ ярьсныг гар бичмэлээр тэмдэглэн ном болгож үлдээжээ. Нутгаасаа 17 настай гарсан Марко Поло Хубилай хааны дэргэд 17 жил шадарласан тухай хүүрнэхдээ “Би үзсэн харсныхаа талыг нь ч ярьж чадаагүй” гэж хэлсэн байдаг аж. Марко Пологийн тэмдэглэл номыг анх гарсны дараа үлгэр домгийн, солиотой зүйл бичсэн гэж шүүмжилж байсан ч гадаад харилцаа хөгжин, дорно дахиныг таньж мэдээд ирэхэд Марко Пологийн ярьсан зүйлс үнэн бодит болсноор зохиол нь алдаршжээ. Ингээд Марко Пологийн тэмдэглэл 150 гаруй хувилбараар европ дахинд тархсан бөгөөд үзэсгэлэнд тэдгээрээс сонирхуулан тавьжээ.



                                                            Гүег хаанаас Ромын Пап ламд илгээсэн захидлыг дэлгэжээ

Их Монголын хаан Гүегт Ромын Пап Николайгаас ирсэн захидалд хариу бичсэнийг “Алтан цуглуулбар-999” үзэсгэлэнгээс сонирхож болно.

Гүег хааны захидлын утгыг Үндэсний төв номын сангийн маркетингийн менежер С.Чулуунпүрэв тайлбарлахдаа, “Бид Мөнх тэнгэрийн хүчинд, үйлийн эрхээр өргөн уудам их газрыг эрхэндээ хураагаад байна. Ромын Пап та хаад, албатын хамтаар өргөл барьцтай ирж, бидний ивээл эрхшээлд багтана уу” гэсэн утгатай. Захидлын эх хувь Ватиканы нууц архивт хадгалагддаг. Захидалд дарсан тамга нь Гүег хааных. Энд “Их Монгол Улсын Далай хааны зарлиг ил, булхай иргэнд хүрвээс аюутугай, биширтүгэй” гэж. Ил гэдэг нь анд нөхөр, булхай гэдэг нь харьяа бус иргэн гэсэн утга юм. Тэгэхээр нөхөр, дайсан аль нь ч бай хааны зарлигийг хүлээж авбаас айтугай, биширтүгэй” хэмээсэн гэлээ. 


Их Монгол Улсын 3 дахь хаан Гүег нь Чингис хааны ач, Өгөөдэй хааны хүү юм. Чингис хааныг тэнгэр болсноос 19 жилийн дараа Их Монгол Улсын тамгыг яаран солихгүй, тиймээс энэ нь Чингис хааны тамга гэж судлаачид санал нэгтэй хүлээн зөвшөөрдөг аж.


Мөн тамганы бичээсийн доор Ил-хаан Хасанаас 1300-гаад оны эхээр Францын Бонифас пап ламд илгээсэн захидлын хуулбарыг өлгөжээ. Захидлын утга нь Хасан ману, хэдүүлээ урьдын тохирсон ёсоор, товлосон хугацаандаа Миссир(Египт)-ийг дайлаар мордъё, та цэргүүдээ засагтун” гээд, ямар аргаар дайтахаа дэлгэрэнгүй бичсэн. Хасан хаан нь Ил-хаант улс буюу одоогийн Иран, Ирак, Перс зэрэг орнуудыг захирч байсныг С.Чулуунпүрэв дурдлаа. 


Үндэсний номын сан, Монголын дипломатын академ хамтран гаргаж буй үзэсэлэнд тавсан ном бүтээлийн 30-40 хувь нь Үндэсний номын сангийн сан хөмтөгөөс, 60-70 хувь нь ахмад дипломатч, Элчин сайдууд суугаа орноосоо цуглуулсан гадаад хэлээр хэвлүүлсэн ном бүтээл аж. “Алтан цуглуулбар-999” үзэсгэлэнд Чингис хаан, түүний залгамжлагчид, Монголын эзэнт гүрний түүхэд холбогдох 19 орны 23 хэлээрх 860 нэр төрлийн нэг сэдэвт ном шастирын дээжийг дэлгэн толилуулжээ. Үзэсгэлэнгээс Чингис хаан гэж хэн бэ, цэргийн жанжин, дипломатчийн хувьд хэн байв, хууль эрх зүйг яаж үндэслэв, чөлөөт эдийн засаг, шашны эрх чөлөөг хэрхэн цогцлоов, хууль эрх зүй, тэгш эрх гэдэг ардчилсан үзлийн үндсийг хэрхэн тунхагласан тухай олон орны эрдэмтдийн ном бүтээлээс харах боломжтой.


Үзэсгэлэн Үндэсний номын сангийн Үнэт ховор номын танхимд 2023 оны 1 дүгээр сарын 31 хүртэл үргэлжилнэ.

 

 

Related news