ДУНДГОВЬ: Хулд суманд Эрэн хайх, аврах бүлэг байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-11-28 16:49:20
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/ Аймгийн Онцгой байдлын газар Хулд суманд Эрэн хайх, аврах бүлэг байгуулж, үйл ажиллагааг эхэллээ.  

Нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн, аймгийн ИТХ-ын дарга С.Од-Эрдэнэ, аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр, Өмнөговь аймгийн ОБГ-ын дарга, хурандаа Г.Хүрэлбаатар, Дундговь аймгийн ОБГ-ын дарга, хурандаа М.Адьяабаатар болон тус байгууллагын алба хаагчид, Хулд сумын удирдлагууд, иргэд оролцжээ.


Хулд сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн даргаар Аврах ажиллагааны зааварлагч, дэслэгч Б.Төрмандах томилогдон, аврагч, жолооч, холбоочин, дэд ахлагч Өлзийсайхан, аврагч, ахлах ахлагч З.Цэндсүрэн, дэд ахлагч Б.Буяндэлгэр, аврагч, дэд ахлагч Дашбалбар нар үүрэг гүйцэтгэж байна.


Аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр нээлтийн үеэр хэлсэн үгэндээ цаг агаарын давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллийн давтамж ойртсон энэ цаг үед эрэн хайх, аврах бүлэг байгуулж байгаа нь цаг үеэ олсон ажил болж байгааг онцлон тус бүлгийн үйл ажиллагааг жигдрүүлэхэд иргэд олон нийт, сумын ЗДТГ-аас дэмжин хамтран ажиллахыг хүслээ.

Мөн тэрээр шинээр байгуулж буй Эрэн хайх, аврах бүлгийн тохижилт, үйлчилгээнд шаардлагатай техник хэрэгсэл, тавилга, тоног төхөөрөмж худалдан авахад зориулан аймгийн ОНХС-гаас 31,5 сая төгрөг зарцуулсныг дурдсан юм.

Дундговь аймгийн ОБГ-ыг анх 1977 онд “Гал команд” нэртэйгээр байгуулж, 1991 онд “Гал түймэртэй тэмцэх алба”, 2004 онд “Гамшгаас хамгаалах штаб”, 2005 онд “Онцгой байдлын хэлтэс” болон үйл ажиллагаа гүйцэтгэх үүрэг нь жилээс жилд өргөжин, орон нутагт гамшгаас хамгаалах үйл ажиллагааг зохион байгуулах хэрэгжүүлэхэд аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, иргэдийн хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэгтэйгээр ажилладаг.

Тус байгууллага Урьдчилан сэргийлэх тасаг, Сайнцагаан сумын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар анги, Эрдэнэдалай сумын Эрэн хайх, аврах салбар, Сайнцагаан сумын 124 дүгээр салбар, Эрэн хайх, аврах бүлэг гэсэн бүтэцтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд жилээс жилд үйл ажиллагаа нь ийнхүү өргөжин тэлж байгаа ажээ.  



Related news