ЗАВХАН: Урианхай биелгээ бүжгээр шилдэг үзүүлбэрийн шагнал хүртэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНЗавхан /МОНЦАМЭ/.
Тус
аймгийн “Amka dance” сургалтын төвийн
суралцагчид олон улсын тэмцээнээс шилдэг үзүүлбэрийн шагналыг хүртжээ.
“The 2nd IUCDC” буюу Олон улсын нэгдсэн цахим бүжгийн уралдаанаас Завхан аймгийн залуу бүжигчид болон Монголын Балетын Үндэсний Сургуулийн сурагчид алт, мөнгө, тусгай байр, шилдэг үзүүлбэр шагналуудыг хүртсэн. Тухайлбал, олон ардын бүжгийн төрөлд Завхан аймгийн залуу бүжигчид болох Б.Алтжин, С.Номин нар "Урианхай биелгээ" бүжгүүдээр оролцож, алтан медаль хүртжээ.
Харин шилдэг үзүүлбэрийн тэргүүн байрыг бүжигчин Э.Амаржаргал "Бугуйлт биелгээ" бүжгээр, хоёрдугаар байрыг Р.Наранцэнгэл "Үлэмж Гоо" бүжгээр эзэлж шилдэг үзүүлбэрийн шагналыг авчээ.
Тус уралдааны шүүгчдийн бүрэлдэхүүнд Монгол Улсын Гавьяат жүжигчин Монгол Улсын соёлын элч Д.Алтанхуяг ажиллажээ. Энэхүү тэмцээн нь олон тивийн бүжигчид,
бүжигт хайртай хүүхэд залуусыг нэгтгэх, тэдэнд бие биеэсээ суралцах, урам өгөх
зорилготой ажээ. Тус тэмцээний сонгодог балет төрөлд оролцсон Монголын балетын
үндэсний сургуулийн Ч.Ганчимэг багштай баг "Аннен Полька" бүжгээр өсвөр
насны “А” ангилалдаа алтан медаль хүртсэн байна.
Ташрамд, Завхан аймгийн “Amka dance” сургалтын төвийн багш Э.Амаржаргал нь хоёр дахь удаагаа, IUCDC уралдаанд оролцож амжилт гаргасан аж. Тэрээр орон нутагтаа бүжгийн спортоор хичээллэх сонирхолтой хүүхдүүд, насанд хүрэгчдэд сургалтын төвөөрөө дамжуулан бүжиг заадаг бөгөөд давхардсан тоогоор 3000 гаруй хүнд бүжиг зааж өгчээ. Мөн хөдөө орон нутагт Монголын соёлын үнэт өв болох бий биелгээг зааж сургах, сурталчлан таниулах, өвлүүлэн үлдээх, олон нийтийг бүжгийн спортоор дамжуулан эрүүл мэнддээ анхаарахыг байнга уриалж, үлгэрлэдэг гэж аймгийн Соёл урлагийн газраас мэдээлэв.