ЗАВХАН: Монгол нүүдлийн зан үйлээ өвлүүлэн үлдээж буй өвлөн уламжлагчид бол малчид

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-10-17 16:33:00

Улиастай, 2025 оны аравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Завхан аймагт монгол нүүдлийн зан үйлийг өвлөн уламжлуулж буй малчид олон бий. Завхан аймгийн 10.1 мянган өрх жилийн дөрвөн улирлын туршид малаа маллаж байна. Эдгээр малчид бол монгол нүүдлийн зан үйлээ өвлүүлэн үлдээж буй өвлөн уламжлагчид юм.


Өнөөдөр соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенц батлагдсан өдөр. Энэ өдөр соёлын биет бус өвийг хамгаалах, түгээн дэлгэрүүлэх өдөр юм.  


“Монгол нүүдлийн зан үйл” өв нь “Монгол улсын соёлын биет бус өвийн төлөөллийн үндэсний бүртгэл”-ийн III ай сав “Уламжлалт баяр наадам, зан үйл, ёс, тоглоом наадгай, уриа дуудлага” -ын 6-д “Монгол нүүдлийн зан үйл” нэрээр бүртгэгдсэн. Хүн, мал, байгалийн харилцан шүтэлцээн дээр бий болсон нүүдэллэх ёс нь монголчуудын уламжлалт аж төрөх арга ухааны нэг юм. Монгол малчид жилийн дөрвөн улиралд зохицсон өвөлжөө, хаваржаа, зуслан болон намаржаа гэж нэрлэх соёл-экологийн нутаг усыг үүсгэн бэлчээр нутгийн өвөрмөц хуваарилалт бий болгожээ. Нүүдэллэх ёсонд зөөж буух, нутаг сэлгэх, отор хийх гэсэн гурван хэлбэр голлох бөгөөд түүнтэй холбоотой соёлын биет бус өвийн олон төрөл зүйлийн мэдлэг, арга ухаан, зан үйл үүсэн хөгжиж, өргөн хэрэглэгдэж байна. Энэхүү өвийг өвлөн уламжлагчид нь нүүдлийн мал аж ахуйг жилийн дөрвөн улирлын туршид эрхлэгч малчид юм.


Завхан аймагт 10.1 мянган малчин өрх бүртгэгдсэн бөгөөд эдгээр өрх бүгд өөрсдийн уламжлалт арга барилаар нүүдлийн мал аж ахуйг эрхлэн амьдарч байна.


Малчид маань хүн малынхаа ая тавыг харж нүүх суухаа шийдэх бөгөөд нутаглаж буй газраа удах, өвс, ургамлын гарц муу байхаас шалтгаалан мал гүймхий болох. Мөн байгалийн хүчин зүйлс болох ган, зуд, гал түймэр, үер усны аюулаас урьдчилан сэргийлж хаашаа, хэзээ, хэрхэн нутаг сэлгэж нүүдэллэхээ шийддэг. Монгол орны аль ч газар нутагт дээр дурдсан нүүдлийн ёс заншлыг эрхэмлэж угсаатны бүлэг, хамт олон, өрх айл бүрд нүүдэллэх өдөртэй холбоотой хорио цээр зэрэг зарим өвөрмөц онцлог бий. Завхан аймагт гэхэд өндөр уулын, талын, говийн бүсүүдийн малчид өөр өөрсдийн гэсэн онцлогтой нүүдэллэх уламжлал бий.


Нүүдлийн төрөл ч өөр. Малчдын нүүдлийг газарзүй, соёл-экологийн орон зай, мал сүргийн бүтэц, бүс нутгийн онцлогтой нь уялдуулан хангайн, тал хээрийн, говийн гэж  ангилж болох юм.  Газар нутгийн онцлогоос хамааран нүүдлийн хоног, уналга ачлагын мал, тоног хэрэгслээс гадна монгол угсаатны бүлгүүдийн ахуй соёл, сүсэг бишрэл зэрэг нь өөр хоорондоо ялгагдах учир үйлдэх зан үйл, дэг ёс нь бас бага зэрэг ялгаатай байна. Тэмээнд нуруу ачих, үхэрт нуруу ачих, ердийн хөсөг ашиглан үхэр тэрэг,тэмээн тэргээр нүүдэллэх нүүдлийн олон төрлүүдийг Завханы цөөн малчид уламжлан авч үлдсэн байна.


Говийн бүсийн халуун, хуурай уур амьсгалд малчид голдуу тэмээ маллан амьдардаг. Тиймээс тэмээг төл байхаас нь сургаж, ачлага эдэлгээнд хэрэглэж байна. Тэмээгээр нүүдэг айлууд голдуу 50 километрээс багагүй замыг туулж бууриа сэлгэхээс гадна тав, зургаа хонож хүрдэг холын нүүдэл хийх нь ч бий. Тал хээр, өндөр уулын бүсэд амьдардаг малчид үхэр тэрэг хөллөдөг. Ихэвчлэн бартаа саад ихтэй, өндөр уулын бүсэд малчид тэрэг хөллөх боломжгүй үед тэмээ, үхэрт нуруу ачиж нүүдэллэдэг. Нүүдэл, нүүдэллэх ёс заншил нь тухайн бүс нутгийн экологийн онцлогтой шууд холбоотой байдаг тухай Завхан аймгийн Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын соёлын өвийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Цэрэндулам ярилаа.


Нүүдэл. Гэрэл зургийг: Д.Баттулга

Related news