БАЯН-ӨЛГИЙ: О.Бахытын тухай "Монгол бахархал" үзэсгэлэнг нээлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-11-29 09:04:57

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Орон нутаг судлах музей, Биеийн тамир, спортын газар хамтран Монгол Улсын Гавьяат тамирчин, Олон улсын хэмжээний мастер, үндэсний бөхийн улсын харцага Однайн Бахытын талаар "Монгол бахархал" тусгай үзэсгэлэн гаргалаа.


Аймгийн Орон нутаг музейд дэлгэсэн уг үзэсгэлэнг “Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд олны хүртээл болгожээ.


Үзэсгэлэнд О.Бахытын намтар, спортын замнал, оролцсон уралдаан тэмцээн, гаргасан амжилтуудын тухай тайлбартай гэрэл зураг, мөн тамирчны улсын, олон улс, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдээс авсан медаль, өмсөж байсан хувцас зэргийг тавьжээ.


"Монгол бахархал" тусгай үзэсгэлэн ирэх сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.


Ташрамд, Однайн Бахыт нь  1981 онд Ардын хувьсгалын 60 жилийн ойн баяр наадмаар тав давж улсын начин цол хүртсэн. 1982 онд улсын начин А.Баатархүүгээр тав, улсын начин Д.Дашжамцаар зургаа даван шөвгөрч начин цолоо батлан "Өсөх идэр" чимэг нэмжээ. 2004 онд Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын харцага цол хүртсэн байна. Мөн 1976-2000 онд Баян-Өлгий аймгийн баяр наадамд 10 удаа түрүү бөхөөр шалгарсан.


Тэрээр 1978-1986 оны хооронд улсын чөлөөт бөхийн шигшээ багт байсан ба Москвагийн олимпид +100 кг-ын жинд оролцож байжээ. 1981 онд Дэлхийн цомын тэмцээнээс чөлөөт бөхийн төрлөөр хүрэл медаль хүртсэн. Москва хотод болсон “Сайн санааны тоглолт”-д оролцож шагналт дөрөвдүгээр байр, “Интернациональ” тэмцээнд хошой алт, нэг мөнгө, Орос-Монголын армийн тэмцээнд алт, мөнгө, хүрэл медаль, УАШТ-ээс дөрвөн алт, 10 мөнгө, дөрвөн хүрэл хүртэж байсан хүчтэн юм. 











Related news