БАЯНХОНГОР: Сийлбэртэй ган дөрөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2022-11-29 16:55:04

Баянхонгор /МОНЦАМЭ/. 1930 онд Сайн ноён хан аймгийн хошуу ноён Жамьяан вангийн хошуу, одоогийн Баянхонгор аймгийн Заг сумын харьяат нутгийн хүмүүсийн дунд дархан цоохор хэмээн нэрлэгдсэн Дагвын урласан сийлбэртэй ган дөрөө Баянхонгор аймгийн Түүх угсаатны зүйн музейн үнэт үзмэрүүдийн нэг юм.


Уг сийлбэртэй ган дөрөөний өндөр нь 17 см, өргөн нь 15 см, таваг нь таван нүдэн хээн дүрслэлтэй, тавгийн огтлол 14.8x13.5 см 1.8 см, зузаан хөвөөтэй, монгол дархны ган ширээх урлагийн томоохон бүтээлийн нэг болох онцлогтой.

Уран дархны хувьд гайхамшигтай урлал болох нь их нарийн урласан луун хээнд оршино. Луу бол тэнгэрийн гаралтай амьтан, ертөнцийн дөрвөн хүчтэний нэг.

Дөрвөн хүчтэн гэдэг ойлголт анх Энэтхэг, Хятадад анх үүссэн бөгөөд 16 дугаар зууны үед шарын шашин Монголд дэлгэрэхэд сүм хийдийн чимэглэлд дөрвөн хүчтэнийг хэрэглэх болж, баганыг луугаар ороож, сүмийн үүдэнд арслангийн баримал, хаадын ширээг луу, хангардиар чимэглэж байжээ. Ийм амьтнаар чимсэн хээтэй гайхамшигтай ховор олдворуудын нэг болж, бид бахархах өв соёлтой хүмүүс гэдгийг баталж байгаа юм.

Ган дөрөө нь дахин давтагдашгүй ур хийцээрээ гайхагдаж дараах шагналуудаар шагнагдсан байна.

- 1976 онд Заг сумын иргэн Цэмбэлийн Нармандах Музейд бэлэглэжээ.

- 1983 онд Ардын урлагийн наадмаас Алтан медаль

- 1992 онд Баянхонгор аймаг байгуулсны 50 жилийн ойгоор Алтан медаль диплом

- 2006 онд Их монгол улс байгуулсны 800 жилийн ойгоор Төв аймгийн Сэргэлэн сумд болсон морины үзэсгэлэнд оролцож шилдэг үзмэрийн Өргөмжлөл, мөнгөн шагнал хүртжээ. 

Related news