ӨВӨРХАНГАЙ: 57.5 км замын гүйцэтгэл, ажлын явцад өргөн бүрэлдэхүүнтэй хяналт тавилаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа Хүйтний хөндий – Арвайхээр чиглэлийн 57.5 км замын гүйцэтгэл, ажлын явцад хяналт тавихаар Зам, тээврийн хөгжлийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, гүйцэтгэгч болон зөвлөх компани, хөндлөнгийн хяналтын баг, аймгийн холбогдох байгууллагуудын төлөөлөл оролцсон өргөн бүрэлдэхүүнтэй Ажлын баг өнөөдөр тус зам дээр ажиллалаа.
Ажлын багийн дүгнэлтээр замын үндсэн зорчих хэсгийн тэмдэг тэмдэглэгээг сайжруулах, хүйтний улирлын аюулгүй байдлыг хангах үүднээс элс шороо, цас хайлуулах бодисын нөөцийг бүрдүүлэх, зарим хэсэгт хөндлөн хагарал гарсан учраас мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргах зэрэг ажлыг тав хоногийн хугацаанд гүйцэтгэх шийдвэрийг гаргасан юм.
“Зорчигч иргэдэд саад бэрхшээл учруулахгүйн үүднээс зорчих хөдөлгөөнийг бүрэн нээсэн ч үерийн хоолойнуудын хоёр талын бэхэлгээ, замын хажуугийн шороон зурвасыг нягтаршуулах ажлыг үргэлжүүлэн хийж байгаа учраас 57.5 км замыг улсын комисс албан ёсоор хүлээж аваагүй байгаа гэж ойлгох хэрэгтэй” хэмээн аймгийн Засаг дарга А.Ишдорж хэллээ.