ДУНДГОВЬ: Хүүхдийн XIII чуулганаас зургаан асуудлаар зөвлөмж гаргав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-12-01 13:50:07
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Аймгийн хүүхдийн XIII чуулганыг “Нэгдүгээрт хүүхэд” уриан дор 11 дүгээр сарын 29-30-нд Мандалговь хотноо зохион байгуулав.

Хүүхдийн амьдрах, сурч, хөгжих өнөөгийн нөхцөл байдал, боломжийг тодорхойлох, тэдний санал санаачилгыг шийдвэр гаргах түвшинд хүргэх зорилгоор зохион байгуулсан тус чуулганд 11 сумын 15 сургуулийн 130 гаруй төлөөлөгч хүүхдүүд, сургуулийн нийгмийн ажилтан, хүүхдийн элч нар оролцов.

Хүүхдийн чуулганд аймгийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө аймгийн зөвлөлийн тэргүүн Ц.Мөнхбат оролцон үг хэлж, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Г.Батдорж цахимаар мэндчилгээ илгээв.



Засаг  дарга Ц.Мөнхбат төлөөлөгч хүүхдүүд, багш сурган хүмүүжүүлэгчдэд хандан хэлсэн үгэндээ “Хүүхдийн эрхийг хамгаалах, хөгжүүлэх, сурч боловсрох орчин нөхцөлийг бүрдүүлэхэд дэмжин туслах нь бид бүхний чухал үүрэг юм, тиймээс хүүхэд бүр чуулганаас гарсан шийдвэрийг ажил хэрэг болгоход идэвх санаачилгатай, хяналттай ажиллах хэрэгтэй” хэмээн онцолж, чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсчээ.

Тус чуулганд аймгийн Хүүхдийн зөвлөлийн гишүүн, Эрдмийн далай цогцолбор сургуулийн 12-р ангийн сурагч Г.Гантигмаа “Монголын хүүхдийн зөвлөлийн дүрэм, стратеги”, Хүүхдийн зөвлөлийн гишүүн, Говийн ирээдүй цогцолбор сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Ц.Соёлмаа “Амжилт хаана байдаг вэ?” илтгэл тавин хэлэлцүүлж, “Сургалт судалгааны хүрээлэн” болон “Гэрэлтдэг ертөнц” ТББ-аас хүүхдийн хөгжил, хамгаалал, тэгш хамруулах боловсролын асуудлаар мэдээлэл өгсөн байна.



Чуулганы төлөөлөгчид Хүүхдийн хөгжлийн орчин ба дэд бүтэц, Гэр бүл дэх хүүхдийн эрх, хамгаалал, Боловсролын салбар дахь хүүхдийн эрх, хамгаалал, Эрүүл мэндийн үйлчилгээн дэх хүүхдийн эрх, хамгаалал, Хэвлэл, мэдээлэл, цахим орчин дахь хүүхдийн эрх, хамгаалал, Олон нийтийн арга хэмжээ, үйлчилгээн дэх хүүхдийн эрх, хамгаалал гэсэн 6 асуудлаар хэлэлцэж, зөвлөмж гарган холбогдох байгууллагууд, сургуулийн удирдлагуудад хүргүүлэхээр шийдвэрлэжээ. 



Дундговь аймгийн хэмжээнд 18 хүртэлх насны 17460 хүүхэд байгаа нь нийт хүн амын 40 орчим хувийг эзэлдэг. Харин нийт хүүхдийн 62,1 хувийг 6-18 буюу сургуулийн насны хүүхдүүд эзэлж байна. 


Related news