БАЯНХОНГОР: 19-20 дугаар зууны үеийн гоёлын мөнгөн дөрөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2022-12-01 12:14:03

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Түүх угсаатны зүйн музейд 19-20 дугаар зууны үеийн гоёлын мөнгөн дөрөө хадгалагдаж байна.


Монголчуудын адууны соёлтой холбоотой чухал тоног хэрэгслийн нэг нь дөрөө юм. Морь, малд мордох, унаж явахад зориулсан эмээл, тохошны нэгэн эдлэл эмээлийн дөрөөг ган, ширэм, гууль, мод, төмөр болон бусад олон төрлийн эдээр хийх бөгөөд дөрөөг монгол, жийжүү, хавирган хэмээн хэлбэр хийцээр нь ялгана.


Музейд хадгалагдаж буй тус дөрөө нь хавирган дөрөө бөгөөд зувцаадах аргаар хийсэн. Мөнгөн түрхэцтэй, хаан бугуйвч, өлзий утас, түмэн насан, алхан хээ, бадамлянхуа, луу зэргийг дүрсэлсэн эмэгтэй хүний дөрөө юм.



Дөрөөг Гурванбулаг сумын малчин н.Батжаргалын ээж нь 1930-1965 оны үед хэрэглэж байсан бөгөөд аймгийн Засаг даргын 1995.12.8-ны өдрийн 237 дугаар захирамжаар хамгаалалтад авч, Музейн сан хөмрөгийг баяжуулсан түүхтэй.

Related news