ӨВӨРХАНГАЙ: 2023 оны хөгжлийн төлөвлөгөөнд 200 гаруй саналыг тусгажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-12-02 15:16:41

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 15 дугаар хуралдаанаар Өвөрхангай аймгийн 2022 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний биелэлтийг хэлэлцэн 91 хувьтай хэрэгжсэн, зорилтот түвшиндээ хүрсэн хэмээн дүгнэлээ.

Мөн 2023 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөг таван бодлогын хүрээнд 42 зорилт, 107 арга хэмжээтэй баталж, үр дүнтэй хэрэгжүүлэхийг үүрэг болголоо. 2023 оны хөгжлийн төлөвлөгөөнд сум, хэлтэс, агентлагуудаас ирүүлсэн 200 гаруй санал хүсэлтийг тусгасан байна. 

Ирэх жилийн хөгжлийн төлөвлөгөөнд тусгуулахаар Төлөөлөгчид багагүй санал хүсэлтийг тавьсан бөгөөд аймгийн Засаг дарга хариулахдаа "Эдийн засгийнхаа нөхцөл байдалтай уялдуулан ажлаа ач холбогдлоор нь эрэмбэлж шийдвэрлэнэ. Санал болгоныг хүлээж авах боломжгүй" гэв. Аймгийн ИТХ-ын дарга О.Пүрэвдорж "Сүүлийн жилүүдэд чамлахааргүй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтууд хийгдсэн. Нэг жилдээ шинэ бүтээн байгуулалт өрнүүлэхгүйгээр тэвчье" гэж байлаа. 




Related news