ӨВӨРХАНГАЙ: Тусгай хэрэгцээт хүүхдийн хамран сургалт энэ онд 86,1 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-12-03 13:13:44

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн хэмжээнд 4072 хөгжлийн бэрхшээлтэй иргэн бий. Тэднээс 632 иргэн хөдөлмөр эрхэлж байгаагийн 110 нь төрийн байгууллагад ажилладаг.


Гэр бүлийн нөхцөл байдлаар нь авч үзвэл 2500 орчин иргэн гэр бүлтэй, ганц бие амьдардаг 430 иргэн байна. Нийгмийн тусгай хэрэгцээт иргэдийнхээ эрхийг хангахын тулд аймгаас хөрөнгө төсөвлөн тодорхой ажлуудыг хийсэн хэмээн аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.


Тухайлбал, харааны бэрхшээлтэй иргэдийн нийгмийн харилцаанд оролцох боломжийг бүрдүүлэн замын уулзвар бүхий 14 цэгт дуут дохио байршуулсан ба хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй, хүртээмжтэй орчин бүрдүүлэхээр 14 байгууллагын орчин нөхцөлд хяналт тавин ажиллаж байна.

Мөн хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн үзлэгийн багц тоног төхөөрөмжийг БОЭТ-д суурилуулж, эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд дэмжлэг үзүүлэх, төрийн байгууллагын 400 гаруй албан хаагч, МСҮТ-ийн 60 гаруй сурагчийг хөгжлийн бэрхшээлийн талаар мэдлэг олгох сургалтад хамруулах ажлыг зохион байгуулжээ.


Монголын хараагүйчүүдийн үндэсний  холбооАриун бичээс” нийгэмлэг болон  “Өгөөмөр сэтгэл” ТББ -тай хамтран брайль үсгийн анхан шатны сургалтыг зохион байгуулж, харааны бэрхшээлтэй 11 иргэн  чадавхжуулсан байна.


2021-2022 оны хичээлийн жилд Хархорин сумын 2 дугаар сургуулийн тусгай ангид 5, Арвайхээр сумын 2 дугаар сургуулийн дэргэдэх тусгай бүлэгт 32, 11 дүгээр цэцэрлэгт 48, ердийн сургууль, цэцэрлэгт 225, нийт хөгжлийн бэрхшээлтэй 310 хүүхдэд боловсролын үйлчилгээг үзүүлснээр тусгай хэрэгцээт хүүхдийн хамран сургалт 2016 онд 79,9 хувьтай байсан бол 2022 онд 86,1 хувьтай байна. 


Ташрамд дурдахад НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 1992 оны 47/3 дугаар тогтоолоор жил бүрийн 12 дугаар сарын 3-ны өдрийг “Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн өдөр” болгон тэмдэглэж байхаар тунхагласан. Энэ жил “Хүртээмжтэй хөгжлийн дэвшилтэт шийдлүүд: Хүртээмжтэй эрх тэгш байдлыг дэмжихэд инновацын үүрэг” уриан дор тэмдэглэж байна.

Related news