СҮХБААТАР: 16 иргэн, ААНБ-д 40 гаруй сая төгрөгийн торгууль тогтоожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-12-06 14:02:33

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн татварын хэлтэст 2022 оны 11 дүгээр сарын байдлаар и-баримт аппликейшнээр дамжуулан 138 гомдол иргэдээс иржээ. Үүний 58 нь төлбөрийн баримт олгоогүйтэй холбоотой гомдол байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу хянах ажиллагаа явуулж, 16 иргэн, ААНБ-д нийт 40 гаруй сая төгрөгийн торгуулийн арга хэмжээг авсан тухай аймгийн Татварын хэлтсээс мэдээллээ.

Ирсэн гомдлын 21-д нь хянан шалгах хуулийн хугацаа болоогүй аж.

Иргэд худалдан авалт хийсэн, ямар нэг төлбөртэй үйлчилгээ авсан тохиолдолд заавал НӨАТ-ын баримт авах ёстой. Хэрвээ тухайн ААНБ, иргэнд баримт олгохоос зайлсхийсэн, татгалзсан эсвэл хуурамч баримт бүрдүүлэн өгсөн бол харьяа Татварын хэлтэст амаар, бичгээр мөн цахимаар гомдол гаргах боломжтой. Учир нь худалдаа, үйлчилгээний байгууллагууд болоод худалдааны төвийн лангууны худалдагч ч үйлчлүүлэгчид баримт олгох нөхцөлийг бүрдүүлсэн. Гэвч тус аймгийн хэмжээнд томоохон худалдааны төвийнхөн болоод үйлчилгээний газрууд төлбөрийн баримт олгохгүй байх зөрчил байсаар байна. Дээр дурдсанчлан иргэдээс ирсэн гомдлын дагуу хянан шалгах ажлыг хийдэг ч өдөр бүр шалгаад явах боломжгүй учир хаана, яг ямар зөрчил байгаа талаарх мэдээллийг иргэд маш сайн ирүүлэх ёстой гэдгийг аймгийн Татварын хэлтсийн Хуулийн асуудал хариуцсан татварын улсын байцаагч С.Бат-Очир санууллаа. 

Related news