ӨВ СОЁЛ: Л.Батсүх: Монгол гутал, гөлөм урлах нь нэлээн тэвчээртэй сууж сурсан хүний л ажил даа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-12-08 14:58:08

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Монгол гутал, гөлөм урлах чиглэлээр олон жил тууштай ажиллаж, уламжлалт өв соёлоо түгээн дэлгэрүүлж байгаа Арвайхээр сумын 5 дугаар багийн иргэн Л.Батсүхтэй ярилцлаа. Тэрбээр удам залгасан урлаач юм.


- Та өөрийгөө танилцуулна уу? Хэзээнээс гөлөм, монгол гутал урлаж эхэлсэн бэ?

- Намайг Лхагва овогтой Батсүх гэдэг. Би 1974 онд Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн. Гэхдээ өссөн нутаг бол Өлзийт сум учраас Өлзийтөөрөө л овоглож явдаг. Миний аавын нутаг. Би Арвайхээр сумын 2 дугаар дунд сургуулийг төгсөөд хөдөө аавтайгаа хоёулаа мал маллаж байгаад 2002 онд аймгийн төв рүү шилжин орж ирснээсээ хойш байнга оршин сууж байна. Хоёр мянгаад оны эхээр байгаль, цаг агаарын хүндрэлтэй байдлаас шалтгаалан олон малчин өрх төв газрыг бараадсан. Тэдний нэг л дээ. Төвд ирээд янз бүрийн л ажил хийж байгаад 2004 оноос ааваараа заалгаад эмээлийн гөлөм, монгол гутал урлаж эхэлсэн. Сүүлийн жилүүдэд гөлмөө дагнан урлаж байна.



- Гар аргаар оёж урладаг уу?

- Аавынхаа зааж өгсөн хуучин технологи буюу гараар шивж оёдог байсан. Цаг хугацааны эрхээр аливаа юм чинь сайжирч байдаг болохоор би ч гэсэн ажлаа хөнгөвчлөх аргуудыг хайж, дэвшилтэт технологийг ашиглаж байна. Жишээлбэл, хээний хэвийг гаргахад гал дээр тугалга хайлуулаад модон дээр цутгадаг байсан бол одоо ганжуулсан хөнгөн цагаан ашиглаад халаадаг багажны завсар хавчуулж хэвээ гаргаж байна.

Гэхдээ хуучны арьсан эд хэрэглэл, санхиу гөлмийг сэргээн засварлахын тулд гар аргаар хийх шаардлагатай болдог. “Аав, ээжээс минь үлдсэн юм, энийг бүрэн бүтэн болгоод өгөөч” гээд хүмүүс хуучны гутал, гөлөм зэргийг авчирч сэргээлгэдэг.


Гөлөм урлах хэцүү юу?

- Хүссэн хүн болгон шүүрч аваад хийчихдэг ажил биш л дээ. Ялангуяа, гараар урладаг хүн цөөхөн байна. Ер нь монгол гутал, гөлөм урлах нь нэлээн тэвчээртэй сууж сурсан хүний л ажил даа.


Нэг гөлөм 4-5 дамжлага дамжиж байж гараас гардаг. Гар ажиллагаа ихтэй үед бүтэн сарын хугацаа орно. Гэхдээ гар ажиллагаа багатай, багаж төхөөрөмж голдуу ашигласан гөлмийг долоо хоногт дуусгах нь ч бий.


Хүмүүс хуучны хийцтэй эмээл сонирхож эхэлж байна. Эмээлийнхээ мөнгөн хэрэглэлийг бүс болгоод авчихдаг байсан бол одоо хуучны хэв маягаар нь хадгалах, хэрэглэхийг хүсдэг болж. Гөлмийг яг хуучны хээ, угалзаар нь сэргээлгэхийг хүсдэг. Хуучны гөлмүүд ихэвчлэн нарийн хээтэй, угалз цөөтэй байдаг юм. Тэрийг хуучны өнгө төрхөөр нь шинэ юм шиг сэргээгээд өгөхөөр их баярладаг. Аавынх нь эдэлж хэрэглэж байсан эмээл тэр л төрхөөрөө гараад ирэхээр гоё санагддаг юм шиг байна лээ. 


- Өөрийн урлах авьяас чадвараа хэн нэгэнд өвлүүлж байгаа юу? 

- 2013 онд ажлынхаа байран дээр шавь сургалт явуулж, хэдэн хүнд зааж өгч сургасан. Тэднээс Санжаасүрэн гээд залуу Есөнзүйл суманд монгол гутал хийж байна. Өнгөрсөн жил Есөнзүйл, Зүүнбаян-Улаан сумаас гөлөм, монгол гутал хийж сурах хүсэлтэй залуучууд ирж, заалгаад явсан. Одоо өөрийн сумандаа хийж байна. Ямар ч байсан гарын дөрвөн шавьтай болсон.

Миний өөрийн хүүхдүүд ч үргэлжлүүлээд хийх байх. Бага хүү маань одоо аравдугаар ангид сурдаг ч гэсэн зав зайгаараа гөлөм оёдог. Цаашид дан ганц монгол гутал, эмээлийн гөлөм гэхгүйгээр арьсан үүргэвч, төрөл бүрийн цүнх хийх зорилготой байгаа. Эхнээс нь хийгээд зах зээлд гаргаад байна. Арьс ширээр юм хийж сурахыг хүссэн, өөрийн зорилгоо болгосон хүнд өөрийн чаддаг, мэддэг зүйлээ харамгүй заагаад өгнө.


- Таны худалдан авагчид ямар хүмүүс байдаг вэ, дан малчдаар хязгаарлагдахгүй байх гэж бодож байна.

- Эдэлж хэрэглэхээс гадна удам дамжиж ирсэн эд зүйлээ хадгалах, үр хойчдоо өвлүүлэх, эсвэл өөрийн хобби, үзмэрт зориулж захиалга өгдөг. Өөрийн аймгаас гадна Улаанбаатар, бусад аймаг руу захиалгаар нийлүүлж байна. Нутаг нутгийн онцлог бий. Завхан руу нэг өөр, Хэнтий рүү нэг өөр гөлөм авна. Завханыхан эмээлийн мод нь жижиг, тэрэндээ тааруулаад эмээлийн гөлөм нь бас жижиг байдаг бол зүүн аймаг руу адуу нь бие томтой учраас өргөн хээтэй том гөлөм авах сонирхолтой байдаг.

Ковидын цар тахлаас өмнө Өвөрмонголчууд эмээлийн гөлөм их авдаг байсан юм. Өвөрмонголчууд үндэсний өв соёл, уламжлалаа хадгалж үлдэхийг их хичээдэг ард түмэн шүү дээ. Тийм болохоор гар аргаар хийсэн, малын арьсан бүтээгдэхүүнийг их сонирхдог. Сүүлийн гурван жил хил гааль хаагдсанаас хойш харилцаа тасраад байна.


Түүхий эд, материал нь хэр олдоцтой байдаг вэ? 

- Малын арьс шир харьцангуй олдоц сайтай байдаг болохоор ажил зогсчихоогүй, явж л байна. Түүхий эдээ Улаанбаатараас татдаг. Үнэ харьцангүй тогтвортой байсан, одоо л харин нэмэгдэх хандлагатай болж байна.  Өвөрхангайд арьс ширний үйлдвэр нээгдсэн ч анхан шатны боловсруулалт хийдэг, эцсийн бүтээгдэхүүн гаргадаггүй юм билээ. Малын арьс ширийг савхи ч юмуу, эцсийн бүтээгдэхүүн болгож гаргахад олон шат дамжлагатай, нарийн технологитой, хөрөнгө мөнгө ч их шаарддаг ажил. Тийм болохоор аймагт савхи, булигаар ч юмуу, эцсийн бүтээгдэхүүн хийх боломж одоогоор мөдгүй юм байна гэж ойлгосон. 


- Бүтээгдэхүүнээ ямар үнэ өртөгтэй борлуулдаг вэ?

- Гөлөм, монгол гутал 500 мянгаас дээш өртөгтэй.


- Аймгийн үзэсгэлэн худалдаанд таны бүтээлүүд олонтаа шалгарч байсан. Амжилтаасаа  нэрлэвэл...

- 2011 онд Хангайн бүсийн түншлэлээс “Орон нутгийн онцлох бүтээгдэхүүн”, мөн тус онд Жижиг, дунд үйлдвэрлэлийн үзэсгэлэнгээс “Гар урлалын шилдэг бүтээгдэхүүн”, 2020 онд “Өвөрхангайн Түншлэл” үзэсгэлэнгээс “Гар урлалын шилдэг бүтээгдэхүүн” зэрэг шагналуудыг авч байсан. Миний өөрийн хувьд салбарын болон аймаг, орон нутгийн шагналаас гадна 2020 онд “Аймгийн аварга ажилтан” болж байсан.

- Ярилцсанд баярлалаа. Ажлын амжилт хүсье. 

Related news